
Зургийг: Bloomberg/CFOTO/Future Publishing/Getty Images
БНХАУ болон БНЭУ-ын өнгөрсөн онд баталсан нүүрсний цахилгаан станцын шинэ төслүүдийн нийт хүчин чадал сүүлийн 10 жилийн хамгийн өндөр түвшинд хүрснийг Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг (ОУЭХА) мэдээлж байна. Тодруулбал: БНХАУ 2024 онд бараг 100 гигаваттын хүчин чадал бүхий шинэ цахилгаан станцын төслүүдэд зөвшөөрөл олгосон бол Энэтхэг улс 15 гигаваттын шинэ төслүүд хөдөлгөжээ. Ингэснээр дэлхийн хэмжээнд шинээр батлагдсан нүүрсний цахилгаан станцуудын хүчин чадал 2015 оноос хойших дээд түвшинд хүрсэн байна.
БНХАУ-д нүүрсний станцуудын хүчин чадал нэмэгдэж буй ч ашиглалтын түвшин нь өмнөх онуудаас буурчээ. Эрчим хүчний эрэлтэд томоохон хүндрэл тулгарсан үед л тус улс нэмэлт хүчин чадлаа ашиглаж байна гэж ОУЭХА шинэ тайландаа онцолсон байна.
Үүний зэрэгцээ нүүрсний нийлүүлэлтийг нэмэх чиглэлд хийсэн хөрөнгө оруулалт 2025 онд дахин дөрвөн хувиар өсөхөөр байгаа аж. Хэдий тийм боловч сүүлийн таван жилийн хугацаанд жилд дунджаар зургаан хувиар өсөж байснаасаа бага зэрэг саарахыг мөн мэдээллээ.
Түүнчлэн 2024 онд нүүрсний хөрөнгө оруулалтын өсөлтийн бараг 100 хувийг БНХАУ болон БНЭУ бүрдүүлжээ.
Харин өргөн хүрээнд эрчим хүчний бүх салбарт орох капиталын урсгал энэ онд хоёр хувиар өсөж, 3.3 их наяд ам.доллар болох тооцоог ОУЭХА гаргалаа.