
Зургийг: Bloomberg/Gareth Cattermole/TAS24/Getty Images
(Bloomberg) -- Тэйлор Свифт амьдралынхаа турш туурвисан бүх уран бүтээлийнхээ эрхийг өөрийн болгосноор тэрбумтны байр сууриа улам бэхжүүлээд байна. Поп хөгжмийн супер од тэрбээр энэ талаараа “Миний хамгийн том мөрөөдөл биеллээ” хэмээжээ.
Бүх урын сангийнхаа эцсийн эзэмшигч болох олон жил үргэлжилсэн тэмцлийн эцэст тэрбээр анхны зургаан цомгийнхоо эрхийг өөртөө бүрэн шилжүүлснээ өнгөрсөн долоо хоногт зарласан юм.
Хэдийгээр хэлцлийн дүн тодорхой болоогүй ч тэдгээр цомгийн эрхийг хамгийн сүүлд 2020 онд хөрөнгө оруулалтын “Shamrock Capital” компани 300 сая ам.доллароор худалдан авч байжээ.
Өдгөө 35 настай Тэйлор Свифт дэлхийг байлдан дагуулсан “Eras” аялан тоглолтынхоо үеэр буюу 2023 оны аравдугаар сард анх тэрбумтнуудын эгнээнд нэгдэж байлаа. Түүнээс хойш хөрөнгийн хэмжээ нь 300 сая ам.доллароор өсөж, сүүлийн байдлаар 1.4 тэрбум доллар хүрснийг “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индекс харуулж байна.
Анхны уран бүтээлүүдээ өөрийн болгох хүчин чармайлт нь зөвхөн хувийн хүсэл зорилгоос үүдэлтэй хэмээн Тэйлор Свифт тайлбарлаж байлаа. Хэдий тийм боловч тэдгээр уран бүтээлүүдээ түгээх, ашиглуулах эрхийг авсан тул ирээдүйд ихээхэн ашиг олох боломж түүнд нээгдэж байна.
Түүний анхны зургаан цомгийн лицензийг 2019 онд “Big Machine Label” компани “Ithaca Holdings”-т худалдаж, дараа нь 2020 онд “Shamrock Capital”-д дахин зарсан юм.
Өнгөрсөн долоо хоногт Тэйлор Свифт өдгөө өөрийн дуунуудаас гадна гэрэл зураг, цомгийн зураг, дүрс бичлэг, цацагдаагүй байгаа дуунууд гэх мэт бүх бүтээлийнхээ эрхийг эзэмшдэг болсноо веб сайтаараа дамжуулан зарлажээ. Түүний дуу бичлэгүүд нь хөгжмийн салбарын хамгийн өндөр үнэлгээтэй хөрөнгүүдийн нэгт зүй ёсоор багтдаг.
Энэ цаг үед өөрийн уран бүтээлээ эзэмших эрхгүй байгаа олон уран бүтээлч бий. Харин өөрийн хит дуунуудынхаа амжилтаас ашиг хүртэх бүрэн эрхтэй цөөн уран бүтээлчийн нэг нь Тэйлор Свифт болж байна. Тэрбээр анхны зургаан цомгийнхоо мастер хувилбарыг эзэмшээд зогсохгүй 2018 оноос хойш гаргасан таван шинэ цомог, дахин бичигдсэн дөрвөн цомгийнхоо эрхийг ч мөн өөрөө эзэмшиж байна.
Түүний хөрөнгийн дийлэнх хувийг уран бүтээлүүд, тоглолтын орлого болон мерчандайзын борлуулалт бүрдүүлжээ. “Bloomberg”-ийн 2023 оны аравдугаар сард гаргасан тооцооллоор зөвхөн мерчандайз болон тасалбарын орлого нь дангаараа 370 сая ам.доллар хүрч байсан аж. Энэ нь "Eras" аялан тоглолт дуусахаас ч өмнөх үзүүлэлт юм.
Аялан тоглолт нь хөгжмийн салбарын уран бүтээлчдэд хамгийн өндөр орлого авчирдаг. Учир нь цомог болон стримингтэй харьцуулахад тоглолтын тасалбарын орлогоос уран бүтээлч илүү их хувийг хүртдэг байна. 21 сар үргэлжилсэн “Eras” аялан тоглолтын тасалбарын борлуулалт хоёр тэрбум ам.доллар давж, 10 сая гаруй үзэгч үзжээ. Түүнчлэн тэрбээр өөрийн продюсерлэсэн “Taylor Swift: The Eras Tour” киноноосоо татвараас өмнөх дүнгээр 130 сая ам.долларын орлого олсон байна.
Claire Ballentine, Devon Pendleton, Dylan Sloan