
Зургийг: Kena Betancur/AFP/Getty Images
(Bloomberg) -- 78 дахь удаагийн “Tony Awards” наадмын "Шилдэг мюзикл"-ээр БНСУ-ын "Maybe Happy Ending" мюзикл тодорч, тус улсаас “Broadway”-ийн театрын дээд шагналыг хүртсэн анхны уран бүтээл боллоо.
Пак Чон Хю, Уилл Аронсон нарын тус бүтээл энэ оны “Tony Awards”-т нийт 10 төрөлд нэр дэвшсэнээс зургаад нь ялалт байгуулсан байна. Тодруулбал: “Шилдэг мюзикл”-ээс гадна “Шилдэг найруулга”, “Шилдэг жүжгийн зохиол”, “Шилдэг хөгжим”, “Гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин” болон “Шилдэг тайз засал” шагналыг хүртжээ.
"Maybe Happy Ending"-ийн энэхүү амжилт сүүлийн жилүүдэд дэлхий даяар хурдацтай түгэн дэлгэрч буй солонгос контентын давлагаа театрын урлагт ч хүчээ авч буйг харуулж байна. "Oscar"-ийн хэд хэдэн шагнал хүртсэн найруулагч Бун Жүн Хугийн "Parasite" болон “Netflix”-ийн хамгийн их үзэлттэй цуврал "Squid Game" зэрэг бүтээл БНСУ-ын урлаг, соёл дэлхийн тавцанд хүлээн зөвшөөрөгдөх замыг зассан юм.
Анх 2016 онд Сөүлд нээлтээ хийсэн "Maybe Happy Ending" нь сэтгэл эмзэглэм өрнөл, уран яруу шүлгээрээ дотоодын үзэгчдийн таалалд нийцэж, олон удаа давтан тоглогджээ. Харин “Broadway”-д өнгөрсөн оны аравдугаар сард нээлтээ хийснээсээ хойш шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, орлогоороо тэргүүлэгчдийн эгнээнд багтаж байна.
Тодорхой жанрт баригдаагүй тус мюзиклийн үйл явдал ирээдүйн Сөүл хотод өрнөх бөгөөд Оливер, Клэр нэртэй хоёр роботын түүхийг өгүүлдэг аж.
Sohee Kim