
Зургийг: Э.Тэнгис
“Fitch Ratings” агентлаг өнгөрсөн онд Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг олон жилийн дараа анх удаа ахиулсны гол шалтгаан нь гадаад “шок” тэсвэрлэх чадвар, тэр дундаа түүхий эдийн үнийн савлагаанаас хамгаалах нөөц сайжирсан явдал байлаа. Гэтэл энэхүү хамгаалалтыг бүрдүүлдэг гадаад валютын нөөц, өрийн түвшин, гадаадад гаргасан бондуудыг эргэн төлөх чадвар гэсэн үзүүлэлтүүд хэдхэн сарын дотор эрс суларч, Засгийн газар нь ч өөрөө унаад байна.
Нүүрсний экспортын орлого огцом буурснаас үүдэх төсвийн болоод төлбөрийн тэнцлийн алдагдал Монгол Улсын шинээр байгуулагдах Засгийн газрын тэргүүн сорилт байх төлөвтэйг “Fitch Ratings” шинэ судалгаандаа онцолжээ. Иймд 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар 20 хувиар өсөөд буй урсгал зардлыг шинэ Засгийн газар олон нийтийн бухимдлыг зөөллөхийн тулд улам нэмэгдүүлэх нь эрсдэлтэй алхам болохыг анхааруулсан байна. Мөчлөг дагасан төсвийн бодлогоос үүдэлтэй тэнцвэргүй байдлыг бууруулахад саад болдог гол хүчин зүйл нь энэ гэж үзжээ.
Монгол Улсын энэ он болон ирэх оны төсвийг алдагдалгүй байлгахаар Төсвийн тухай хууль, Төсвийн хүрээний мэдэгдэлд тусгаад байна. Тэгэхээр түүхий эдийн орлого үргэлжлэн буурвал зарцуулалтаа сааруулахаас аргагүй болно. Хэрэв төсвийн бодлогод өөрчлөлт орохгүй, тодотгол хийгдэхгүй гэж үзвэл 2025 онд төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 3.0 хувьтай тэнцэнэ гэж “Fitch Ratings” тооцоолсон байна.
Засгийн газрын өр ба зэрэглэлээ алдах нигуур
Өнгөрсөн оны мөн үеэс 16.3 хувиар өсөж, 34.6 их наяд төгрөг даван түүхэн дээд түвшиндээ хүрээд буй өрийг шинэ Засгийн газар хүлээн авч буй. Сүүлийн байдлаар Засгийн газрын өрийн таазыг дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувьд, харин урсгал зардлыг 30 хувь, төсвийн алдагдлыг хоёр хувьд хязгаарлахаар тогтоогоод байгаа юм. Сүүлийн улирлуудад уул уурхайн салбарын удаашрал дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг хойш татсанаар өрийн түвшин таазандаа тулах эрсдэл тийм ч хол биш болоод байна.
“Fitch Ratings” өнгөрсөн онд Засгийн газрын зэрэглэлийг шинэчлэхдээ зэрэглэлээ цаашид ахиулах боломжуудыг тодотгож байсан бол энэ удаад зэрэглэл бууруулах эрсдэлүүдэд төвлөрчээ. Тус агентлагийн үнэлэмжээр Монгол Улс гадаад нөхцөл байдалд хэт эмзэг хэвээр бөгөөд дотоодын эдийн засаг, санхүүгийн бодлого тэлэх чиглэлд байгаа үед түүхий эдийн зах зээлээс үүдэлтэй гадаад “шок” улам хүчтэй ирэх аж. Энэ нь валютын нөөц хумигдахад хүргэж, цаашлаад улс төрийн тогтворгүй байдалтай хавсарвал Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг бууруулах шалтгаан болох боломжтойг анхааруулсан байна.