logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Батбуян
    "Air India” компанийн зорчигч тээврийн онгоц осолдож, 241 хүн амь үрэгдлээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 06 сарын 13 09:50
    518

    Зургийг: Siddharaj Solanki/Bloomberg

    Энэтхэг гаралтай Их Британийн иргэн, 40 настай Рамеш Вишваскумар ганцаараа ослоос амьд гарчээ

    Пүрэв гарагт Энэтхэгийн Ахмедабад хотоос Лондон хотын чиглэлд нислэг үйлдэхээр хөөрсөн “Air India” компанийн зорчигч тээврийн “Boeing 787 Dreamliner” онгоц осолдож, 241 хүн амь үрэгдлээ. Онгоц нисэх буудлаас хөөрснөөс хойш хэдхэн минутын дараа ойролцоох анагаах ухааны сургуулийн оюутны байрны барилга дээр унасан байна.

    Осолдсон онгоцонд нислэгийн багийнхан болон зорчигч нийт 242 хүн байснаас ганцхан хүн амьд үлдсэн байна. Ослоос амьд гарсан зорчигч энэтхэг гаралтай Их Британийн иргэн бөгөөд орон нутгийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа аж.

    Амь үрэгдсэн зорчигчдын 169 нь Энэтхэг, 53 нь Их Британи, долоо нь Португал, нэг нь Канад улсын иргэн байсныг “Air India” компани мэдээлжээ. Мөн 217 насанд хүрэгч, 11 хүүхэд, хоёр нярай байсан байна.

    Ослын улмаас анагаахын сургуулийн таван оюутан амиа алдаж, 50 гаруй хүн бэртэж, гэмтсэнийг орон нутгийн эх сурвалжууд мэдээлсэн байна.

    Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд БНЭУ-ын эрх баригчид мөрдөн шалгах ажиллагааг яаралтай эхлүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

    AIRLINE-DEATHS-GFX.png

    Үүнээс гадна АНУ-ын тээврийн аюулгүй байдлын алба болон Холбооны нисэхийн захиргааны шинжээчид БНЭУ-ын Засгийн газарт дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахаа илэрхийлжээ.

    Олон хүний аминд хүрсэн энэхүү ослын дараа “Boeing”-ийн Гүйцэтгэх захирал Келли Ортберг Парисын агаарын тээврийн салбарын арга хэмжээнд оролцох төлөвлөгөөгөө цуцлаад байгаагаа мэдээлсэн байна.

    Үүний зэрэгцээ “Boeing” компанийн хувьцааны ханш 4.8 хувиар уналаа.

    Cэтгэгдэл бичих