logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНХАУ-ын нүүрсний импорт энэ он дуустал сэргэхээргүй төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2025 оны 06 сарын 16 09:00
    1126

    Зургийг: Bloomberg/Kevin Frayer/Getty Images

    БНХАУ-ын нүүрсний импортын биет хэмжээ тавдугаар сард гурав дахь сардаа дараалан буурчээ

    Монгол Улсын шинэ Засгийн газарт тулгарах эн тэргүүний сорилтуудын нэг бол нүүрсний үнийн сул түвшин, түүнээс үүдэх экспортын орлогын бууралт. Гэтэл цор ганц худалдан авагч БНХАУ-д гадаадын байтугай дотоодын нүүрс нь илүүдэж, энэ он дуустал эрэлт нь сэргэхээргүй шинжтэй байгаа юм.

    БНХАУ-д коксжих нүүрсний зах зээлийн нөхцөл байдал, төлөв бүрхэг хэвээр байна. Гангийн спот болон фьючерс ханш тасралтгүй суларснаар ялангуяа тавдугаар сарын сүүлийн долоо хоногт коксжих нүүрсний үнэ өндөр дүнгээр унаж, зарим ангиллын нүүрсний үнэ сүүлийн таван жилийн доод түвшинд хүрснийг “SXCoal” мэдээлж байна.

    Коксны үйлдвэрүүд шинээр нүүрс худалдан авахын оронд агуулахын нөөцөө ашиглахыг илүүд үзэж, дундын зуучлагчид зах зээлээс гарч буй дүр зурагтай. Улмаар Монгол Улс, БНХАУ-ын гол боомтуудад нүүрс овоорч, худалдан авагчид арилжаалагчдад үнээ бууруулахыг шахсаар буй. Өнгөрсөн сард Монголын уур уурхайн биржид ердөө дөрвөн удаагийн арилжаагаар 51 мянган тонн нүүрс арилжаалагдаж, өмнөх сараасаа 26 дахин буурсан нь үүний үр нөлөө юм.

    16-1.JPG

    БНХАУ-ын нүүрсний импортын биет хэмжээ тавдугаар сард гурав дахь сардаа дараалан буураад зогсохгүй 2025 он дуустал энэ бууралт улам эрчимжих төлөвтэй гэж БНХАУ-ын Нүүрс тээвэр, түгээлтийн ассоциацийн шинжээч онцолжээ.

    “SXCoal”-ийн мэдээлснээр тавдугаар сүүлийн өдрүүдэд Ганцмод боомтод Монголын V  ангиллын коксжих нүүрсний үнэ өмнөх долоо хоногоосоо тонн тутамдаа 40 юаниар буурч, 720-740 юанийн хооронд арилжаалагдсан байна. Энэ хугацаанд Сэхэ боомт дээр Монголын MAK A түүхий нүүрсний үнэ 10 юаниар буурч, 520-530 юань орчим байсан бол MAK West нүүрс 570 юань орчимд тогтвортой байжээ.

    Харин боомтоор гарч буй нүүрс тээврийн автомашины тухайд өмнөх сарын эцэст Гашуунсухайт-Ганцмод боомтоор өдөрт дунджаар 924, Шивээхүрэн-Сэхэ боомтоор 556, Ханги-Мандал боомтоор 113 автомашин гарсан байна.

    Муу нүүрснээс татгалзана

    Нийлүүлэлтийн илүүдлээс болж импорт эдийн засгийн үр ашиггүй түвшинд хүрсэн, мөн нүүрстөрөгчийн ялгаралд Засгийн газраас тавих хараа хяналт чангарсантай холбоотойгоор БНХАУ хамгийн доогуур зэрэглэлийн нүүрсний импортын хэмжээгээ бууруулж магадгүй аж. Тус улсын нүүрсний дотоодын олборлолт болон импорт нь сүүлийн жилүүдэд дээд түвшнээ тогтмол шинэчлэх болсноор эрчим хүчний нүүрсний жишиг үнэ дөрвөн жилийн доод түвшинд хүрээд буй.

    unnamed (1).jpg

    Эдийн засаг нь удааширснаар эрчим хүчний эрэлт дагаад саарсны зэрэгцээ сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд салбарын ачааллыг хангалттай хуваалцах болсныг бас дурдах хэрэгтэй.

    Дээрх арга хэмжээ нь Индонез улсын нүүрсний компаниудад хамгийн том нөлөө үзүүлэхээр байна. Сүүлийн гурван жилд БНХАУ тус улсаас авах хүрэн нүүрсний хэмжээгээ эрс нэмэгдүүлж, бага калоритой, бохирдуулалт ихтэй тус нүүрсийг өндөр чанарын нүүрстэй холин цахилгаан станцынхаа түлш болгож ашигласаар ирсэн юм.

    Cэтгэгдэл бичих