logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНКУ-д сүүлийн 5 жилд 3 дахь удаагаа айлчилж буй Ши Жиньпин бүс нутагт улсынхаа нөлөөг батжуулахыг зорьж байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 06 сарын 17 09:00
    731

    Зургийг: Bloomberg/Florence Lo/AFP/Getty Images

    БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай Астана хотноо уулзлаа

    Канадад “Их 7”-ийн удирдагчид чуулахтай зэрэгцэн БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Казахстан улсад айлчилж, Төв Азийн бүс нутгийн Төрийн тэргүүнүүдтэй уулзаж байна. Даян дэлхийн хуваагдал, дангааршлын аюул хаалга тогших болсон энэ цаг үед БНХАУ эдийн засаг, нийлүүлэлтийн сүлжээнийхээ ирээдүйг хамгаалах холын бодлоо ажил хэрэг болгож буйн нэг жишээ нь энэхүү айлчлал гэж болохоор байгаа юм.

    Явах дуртай чиглэл

    БНХАУ-ын удирдагчийн хувьд энэ онд гадаад улсад хийж буй гурав дахь, мөн 2020 оноос хойш Казахстан улсад хийж буй гурав дахь айлчлал болж байна. Даваа гарагт тэрбээр Астана хотноо Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай уулзсан бол мягмар гарагт Киргиз, Тажикстан, Туркменистан, Узбекситан, Казахстан улсын Төрийн тэргүүнүүдтэй нэгдсэн уулзалт хийх хуваарьтай байгаа аж.

    “Бүс ба Зам” дэд бүтцийн санаачилгаа эхлүүлээд 10 гаруй жилийн нүүр үзэж буй Ши Жиньпиний энэ удаагийн эн тэргүүний зорилт нь “АНУ-тай үүсэж болзошгүй хагарлаас БНХАУ-ын эдийн засгийн ирээдүйг хамгаалах явдал” хэмээн “PRISM Strategic Intelligence”-ийн партнер Кэйт Маллинсон онцолж байна. “Эдийн засгийн нөлөөллөө ашиглаж ОХУ-ыг тусгаарлах Барууны оролдлогыг БНХАУ 2022 оноос хойш ажиглаж буй нь дамжиггүй. Тус улс сүүлийн гурван жилд Төв Азийн бүс нутагт онцгой анхаарах болсон” хэмээн нэмж дурджээ.

    Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 500 тэрбум орчим ам.доллароор хэмжигдэх Төв Азийн бүс нутаг газрын тос, уран, газрын ховор элементийн асар их нөөцтэй, мөн хуурай замаар Европтой хийх худалдааны гол зам гэдэг утгаараа БНХАУ-д стратегийн ач холбогдол нь нэмэгдсээр байна. Үүний зэрэгцээ Владимир Путины Украинд эхлүүлсэн дайны уршгаар хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд дахь ОХУ-ын түүхэн нөлөө бүдгэрэх боллоо.

    Хэдийгээр Бүгд Найрамдах Казахстан улс ОХУ-ын тэргүүлсэн Евразийн Эдийн засгийн холбооны чухал гишүүн боловч 2023 онд БНХАУ ОХУ-ыг гүйцэж, Казахстаны худалдааны хамгийн том түнш улс болсон нь дээрх шилжилтийг тодотгож байна. Түүнчлэн 2022, 2023 онд Төв Азийн таван улсад хийсэн БНХАУ-ын экспорт тус тус 40 хувь давж өсжээ.

    unnamed (3).jpg

    Атомын станцаа хөдөлгөнө

    БНХАУ, БНКУ-ын удирдагчдын уулзалтын өмнө хоёр улсын компаниуд 24 тэрбум ам.долларын дүн бүхий худалдаа, бизнесийн хэлэлцээрт гарын үсэг зурсныг “Kazakh Invest”  мэдээлж байна. Мөн БНХАУ-тай байгуулах Казахстаны “түншлэлийн багц”-д 66.5 тэрбум ам.долларын 224 төсөл багтсан бөгөөд эдгээрээс 50 мянга гаруй шинэ ажлын байр бий болохыг тус улсын Гадаад хэргийн дэд сайд онцолжээ.

    Томоохон төслүүдээс нь дурдвал:

    • БНХАУ-ын “East Hope Group” жилд нэг сая тонн хөнгөн цагаан боловсруулах хүчин чадалтай үйлдвэр Казахстанд барихаар төлөвлөсөн. Энэ нь 12 тэрбум ам.долларын санхүүжилттэй аж үйлдвэрийн томоохон бүтээн байгуулалтын нэг хэсэг.
    • “Fufeng Group” Жамбыл мужид эрдэнэ шишийн гүн боловсруулалтын үйлдвэр барихад 800 сая ам.долларын хөрөнгө оруулна.
    • “Xinjiang Lihua” Туркестан мужид 420 сая ам.долларын санхүүжилтээр хөвөн үйлдвэрлэлийн кластер байгуулна.
    • Алматы мужийн захиргаа болон БНХАУ-ын “TBEA Co.” өргөн цар хүрээний эрчим хүчний төсөлд 3.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр санамж бичиг байгуулсан.

    Эдгээрээс гадна Казахстан улс атомын цахилгаан станцын анхны төслүүдээ ОХУ, БНХАУ-аар гүйцэтгүүлэхээр болжээ. Эхний атомын цахилгаан станцынхаа бүтээн байгуулалтыг ОХУ-ын “Росатом” компанийн тэргүүлсэн консорциумаар гүйцэтгүүлэхээр сонгосон бол хоёр дахь атомын цахилгаан станцын төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “China National Nuclear Corp.” (CNNC) шалгарсан нь ерөнхийдөө баталгаажсан байна.

    Дэлхийд ураны олборлолтоор тэргүүлдэг Бүгд Найрамдах Казахстан улс өнгөрсөн оны аравдугаар сард бүх нийтийн санал асуулгаар атомын цахилгаан станцын төслүүдийг урагшлуулахаар шийдвэрлэж байв. Тус улс 1999 оноос хойш цөмийн эрчим хүчний ашиглалтаа зогсоогоод байсан ч хуучин цахилгаан станцуудын насжилт хэтэрч, мөн цахилгаан ихээр хэрэглэдэг криптовалютын салбар эрс тэлсний улмаас сүүлийн жилүүдэд эрчим хүчний хомсдолтой нүүр тулжээ.

    Cэтгэгдэл бичих