
(Bloomberg) -- Ираны баллистик пуужингийн зогсоо чөлөөгүй довтолгоо Израилын олонд магтагдсан агаарын хамгаалалтын системийг урьд байгаагүйгээр сорьж байна.
Израилын агаарын цохилтын хариу болгож Иран улс баасан гарагийн шөнө 200 гаруй, бямба гарагт 70 орчим пуужин харвасныг Израилын батлан хамгаалах хүчнээс (IDF) мэдээллээ. Ням, даваа гарагт ч мөн Иран пуужингийн довтолгоогоо үргэлжлүүлсэн юм.
Ийнхүү Техраны талаас Израилыг чиглүүлэн нийт 370 баллистик пуужин харваад байгаагаас 30 гаруй нь байндаа туссаныг Израилын Засгийн газар мэдээлж байна. Одоогоор пуужингийн цохилтод 24 хүн амь үрэгдэж, бараг 600 хүн шархаджээ. Нийслэл Тель-Авивын ойролцоох Ришон Лезион, Бат Яс хотуудын орон сууцны хороололд ихээхэн хохирол учирсны зэрэгцээ хойд хэсгийн боомт хот Хайфа, Тель-Авивын төв хэсэг хүчтэй довтолгооны бай болсон байна.
"Манай хамгаалалтын систем хэдий сайн ч тэнгэрийг завсар зайгүй битүүмжилнэ гэж байхгүй. Харвасан баллистик пуужингуудын 10-15 орчим хувь нь системийг нэвтэлж таарна" хэмээн АНУ-д суугаа Израилын Элчин сайд Ехиел Лейтер онцолсон байна.
Ираны энэ удаагийн довтолгоо өнгөрсөн оны IV, X саруудад Израилд өгсөн пуужин, дроны цохилтоос нь хамаагүй илүү хүчтэй, хохиролтой тусаж буй. Тухайн үед Иран голчлон Израилын батлан хамгаалахын, тагнуулын байгууламжуудыг онилж байсан бол энэ удаа энгийн иргэдийн суурьшлын бүсийг хамруулсан олон тооны, өргөн хүрээний пуужингийн цохилт өгч байна. Түүнчлэн илүү өндөр хурдтай, хүчтэй тэсрэх бодис тээвэрлэсэн, агаарт маневрт хийдэг, дэлхийн агаар мандлын дээгүүр нислэгийнхээ дийлэнх зайг туулдаг пуужингаар цохилт өгч байгаа нь Израилын талаас амдан устгахад бэрхшээлтэй болгож буй аж. Газын зурвасаас Хамас, Ливанаас Хезболла бүлэглэлийн Израил руу харвасан пуужингуудын аль нь ч ийм дэвшилтэт технологитой байгаагүй юм.
Иймд Ираны пуужин харвах бололцоог үгүй хийх нь IDF-ийн тэргүүн зорилт болж байна. Израилын нутаг дэвсгэрт хүрэх чадалтай дахиад олон мянган пуужингийн нөөц Иранд бийг Израилын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Цахи Ханегби мэдээлж байв. Баасан гарагаас хойш IDF Ираны пуужин харвах байгууламжуудыг онилон цохилт өгч, одоогоор 120 буюу гуравны нэг орчмыг нь устгаад байгааг албаныхан мэдээлжээ.
Амдан устгасан пуужин 90 хувьтай байлаа ч энэ нь израилчуудын хувьд амьдрал хэвийн үргэлжилнэ гэсэн үг биш. Энэ долоо хоног дуустал тус улсын сургуулиуд хаалгаа барьсны зэрэгцээ агаарын орон зайгаа хаасны улмаас 100 мянга гаруй иргэн нь гадаадад гацаад байгаа аж.
Үүнээс гадна агаарын хамгаалалтын системээ ажиллуулсны өртөг нь үлэмж дүнгээр өсөөд байна. Баллистик пуужинг замд нь унагахад ашигладаг Израилын “Arrow” хамгаалалтын пуужингийн нэг бүрийн өртөг 2-3 сая ам.доллароор хэмжигддэг аж. Мөн нэг баллистик пуужинг устгахад ихэвчлэн хоёроос дээш “Arrow” харвадаг байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Ираны явуулсан довтолгооноос хамгаалахад Израил болон АНУ, Их Британи, Францын агаарын цэргийн хүч 1.1 тэрбум ам.долларын өртөг хүлээсэн байх боломжтойг “Bloomberg” тооцоолж байв.
Хэдий тийм боловч энэ бол хэдхэн цагийн довтолгоонд зарцуулсан өртөг. Харин энэ удаагийн довтолгоо хэд хоног дамнан үргэлжилж буйн зэрэгцээ ойрын хугацаанд намжихааргүй байна.
Paul Wallace, Galit Altstein