
Зургийг: С.Батсайхан
Оны эхний улирлын байдлаар нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалингаар тооцсон голч цалин 2.2 сая төгрөг байгаа бол үндсэн цалингийн дундаж 2.4 сая төгрөг байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 811.6 мянган ажиллагчийн 50 хувь нь голч цалингаас бага цалинтай байгааг Үндэсний статистикийн хорооны тайлангаас харж болохоор байгаа юм.
Иргэдийн худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс 138.9 байгаа бол хэрэглээний үнийн индекс 154.6 байгаа аж.
Уул уурхай, олборлолтын салбарынхан улсын дунджаас 88 хувиар өндөр цалинтай байгаа бол зочид буудал, байр сууц, нийтийн хоолны салбарт ажиллагсад 35.5 хувиар бага цалин авч байна.
Иргэдийн бодит цалин дорвитой өсөхгүй байгаа нь хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний хомсдол үүсэх нэг шалтгаан болж байгаа ажээ. Сүүлийн 10 жилд цалингийн хэмжээ нэрлэсэн дүнгээрээ 143 хувиар өссөн ч бодит дүнгээрээ 23 хувиар өссөн байна. Иймд ажиллах хүчний оролцооны түвшнийг нэмэгдүүлэхэд бодит цалинг бүтээмжтэй уялдуулан өсгөх нь чухал байгааг салбарын яамны судалгаанд онцолжээ.