
Зургийг: Bloomberg TV Mongolia
Сонгино батарей хуримтлуурын станц төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 80 мВт эрчим хүч нийлүүлж, 25 мянга орчим айл өрхийг эрчим хүчээр хангадаг. Мөн зарим тохиолдолд нийт хүчин чадлаа давуулж, 110 хувийн хүчин чадлаар ажиллаж байна. Энэ нь өвлийн оргил ачааллын үед хязгаарлах эрчим хүчний тал орчим хувийг нөхсөн үзүүлэлт болох юм.
Энэхүү төсөл нь нийт 114.9 сая ам.доллароор хэрэгжсэн бөгөөд 100 сая ам.долларыг Азийн Хөгжлийн Банкны зээл, гурван сая ам.долларыг Азийн Хөгжлийн Банкны буцалтгүй тусламжаар санхүүжүүлжээ. Мөн Засгийн газар 11.9 сая ам.доллартой тэнцэх хэмжээний татварын чөлөөлөлт олгосон байна.
Түүнчлэн арилжааны бус төсөл учраас Эрчим Хүчний Зохицуулах Хорооноос эрчим хүч түгээх тариф тогтоолгоогүй, жил бүр зээлийн хүү болон урсгал зардлын хэмжээ тогтоолгож, энэ хэмжээнд таарсан үнийн дүнгээрээ эрчим хүчээ борлуулдаг.
Гүйцэтгэгчээр БНХАУ-ын “ZTT & Zest Consortium” компани ажилласан бөгөөд тендерт 22 компани материал ирүүлсний хамгийн бага үнийн дүнтэй нь байсан учраас сонгогджээ. Одоогийн тооцооллоор тус батарей хуримтлуурын станцын батарейг 20 жил ашиглахаар байгаа юм.
Харин ашиглаж дууссан батарейг цаашид дахин боловсруулах, устгалд оруулах тогтсон шийдэл байхгүй. Энэ талд хөгжүүлэлт хийх шаардлагатайг төслийн нэгжийн зүгээс мэдээллээ.
"ZTT & Zest Consortium" сэргээгдэх эрчим хүчний Ерөнхий инженер Чанг Жуо
Том чадлын хуримтлуурын төслийн зохицуулагч М.Наранбат