
Зургийг: Na Bian/Bloomberg
Одоогоос яг 100 жилийн өмнө Германы хоёр химич нүүрсийг шингэн түлш болгон хувиргах арга нээж, патент авч байв. Фишер-Тропшийн синтез хэмээн нэрлэгдсэн уг технологи хожмоо нэлээн адлуулсан байдаг. Учир нь нацистууд үүнийг “дайны машин”-даа түлш болгон ашигласан бол Өмнөд Африкийн апартейд дэглэм 1980-аад онд тавигдсан газрын тосны хоригийн нөлөөллийг тойрохын тулд уг түлшинд найдаж байжээ.
Тэгвэл одоо үүний хамгийн сүүлийн бөгөөд асар том хэрэглэгч нь БНХАУ.
Барагтай анхааралд өртдөггүй, БНХАУ-ын нүүрсний салбарын нууцлаг хэсэг болох энэ үйлдвэрлэл үлэмж хэмжээнд тэлээд буй. Химийн болон шингэн түлшний үйлдвэрлэлдээ БНХАУ 380 сая гаруй тонн нүүрс хэрэглэж байгааг Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийн мэдээллээс харж болно. Төсөөлөхөд дөхөм болгох үүднээс харьцуулбал тус салбар хэрэв тусгаар улс байсан бол нүүрсний хэрэглээгээрээ БНХАУ, БНЭУ-ын дараа дэлхийд гуравдугаарт бичигдэх байжээ.
Тиймдээ ч энэ салбар бохирдуулалт талаасаа дэлхийн уур амьсгал, эрчим хүчний бодлогод том нөлөөтэй. БНХАУ их нүүрс шатаах тусам нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах зорилтдоо хүрэхэд бэрх болно. Хэдий тус улс цахилгаан автомашин, нарны хавтан гээд ногоон эрчим хүчний хөгжлөөрөө гайхшируулж байгаа ч дэлхийн бусад бүх улсын хэрэглээг нийлүүлснээс ч их хэмжээний нүүрс хэрэглэдэг хэвээр байна.
Шинжээчдийн тооцооллоор БНХАУ-ын нүүрс хувиргал, нүүрс-химийн салбар цаашид улам тэлж, цемент болон гангийн үйлдвэрлэл дэх нүүрсний эрэлтийн бууралтыг яваандаа нөхөх боломжтой аж. “Ирэх жилүүдэд 5-10 хувиар өсөх болов уу гэж бид тооцоолж байна” хэмээн ОУЭХА-ийн Нүүрс хариуцсан захирал Карлос Фернандес Альварес онцолж байна. Харамсалтай нь тус салбар “хар нүх” мэт бөгөөд БНХАУ-ын Засгийн газар дэлгэрэнгүй статистикийг нь нээлттэй мэдээлдэггүй аж.
Нүүрс-химийн үйлдвэрлэлийн уламжлалт технологи ямагт металлургийн нүүрс буюу коксжих нүүрснээс эхэлдэг. Нүүрсийг кокс болгосны дараа аммони суурьтай бордоо, ацетилен суурьтай химийн бодис болгон урвалд оруулна. Хэдий тийм боловч сүүлийн 20-иод жилийн хугацаанд БНХАУ Фишер-Тропшийн синтезийг дэвшилтэт шинэ аргачлал, хувилбараар баяжуулж, “орчин үеийн” гэгддэг нүүрс-химийн үйлдвэрлэлийн технологи хөгжүүлжээ. Тухайлбал: метилийн синтезийн аргаар хуванцар үйлдвэрлэхэд ашигладаг олефин гэх мэт нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
2000-аад оны эхээр нүүрс-химийн орчин үеийн боловсруулалт нь туршилтаас хэтрээгүй байсан бол 2010-аад оноос хойш арилжааны том төслүүд асар эрчтэй тэлж, ялангуяа БНХАУ-ын төв хэсэгт цэцэглэн хөгжжээ. Харин одоо энэ салбар цар хүрээгээрээ ч технологийн дэвшлээрээ ч өөр ямар ч орны нүүрс-химийн үйлдвэрлэл зэрэгцэхээргүй түвшинд хүрсэн байна. Зарим дэвшилтэт үйлдвэрүүд нь нүүрсээ үйлдвэрийн байгууламжийнхаа бараг доороос шууд олборлож, туузан дамжуургаар шатаах зуух руу аваачин хийжүүлж, хувиргадаг байх жишээтэй. Дараа нь таны ууж буй усны сав, өмсдөг хувцасны тань материал болж хувирна.
БНХАУ-ын хувьд нүүрс-химийн салбараасаа хоёр фронтоор дэм авдаг.
Нэгдүгээрт, эрчим хүчний аюулгүй байдлыг нь сайжруулна. БНХАУ нүүрсээр баян учраас шингэн түлш, бордоо, нефть химийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлдээ нүүрс ашиглах тусам гадаадаас газрын тос, байгалийн хий авах шаардлага төдий чинээ багасна гэсэн үг. Тус улсын Засгийн газар импортын шатах түлшийг үндэсний аюулгүй байдалд учрах заналхийлэл гэж харсаар ирсэн юм.
Хоёрдугаарт, цахилгаан станц, гангийн үйлдвэр зэрэг БНХАУ-ын нүүрсний уламжлалт хэрэглэгчдийн эрэлт багасах цагт дотоодын нүүрсээ юунд ашиглах вэ гэдэгт санаа чилээхгүй болох юм. Тус улсын нүүрс олборлолтын салбар хоёр сая хүнийг шууд ажлын байраар хангахын зэрэгцээ тээвэр гэх мэт олон салбарыг тэтгэдэг.
Одоогоор БНХАУ-ын эрчим хүч үйлдвэрлэлд ашиглах нүүрсний өсөлт зогсонги байдалд орсон бол нүүрс-химийн үйлдвэрлэлийн ашиглалт эсрэгээрээ цойлж байна. Сүүлд л гэхэд Төрийн өмчит "China Energy Investment Corp" Шинжаан Уйгурт олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар бүр ч дэвшилтэт технологи бүхий нүүрс хувиргалын үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхээ зарласан.
Салбарын нэгэн чуулган дээр БНХАУ-ын энэ салбарын томчууд “нүүрснээс гарган авсан дизель түлш”-ийг колбонд хийн бахархалтай нь аргагүй үзүүлж байлаа. БНХАУ-ын Төрийн хэвлэлүүд эдгээр үйлдвэрүүдийг “нүүрсэн далай дээрх газрын тосны аварга орд” хэмээн нэрийджээ.
Барууны бодлого боловсруулагчид “нүүрсийг түүхийн хуудсанд үлдээж байна” хэмээн сайрхах дуртай. Энэ бол худал зүйл. Дэлхийн нүүрсний эрэлт өнгөрсөн онд бүх цаг үеийн дээд түвшиндээ хүрсэн бөгөөд ойрын хэдэн жилдээ энэ түвшнээсээ буухааргүй байна. Учир нь дэлхий нийт нүүрсийг ашиглах шинэ арга замууд олсоор байна.
Хавьер Блас, Bloomberg Opinion