
Фордо дахь байгууламж бөмбөгдөлтийн дараа сансраас авсан зурагт
(Bloomberg) -- Ням гарагийн өглөө АНУ түүхэндээ анх удаа Иран улсын нутаг дэвсгэрт цэргийн ажиллагаа явуулж, тус улсын цөмийн гурван гол байгууламжийг бөмбөгдлөө. Энэ ажиллагаагаар “Ираны уран баяжуулалтын гол байгууламжуудыг бүр мөсөн устгасан” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн бол Ираны талаас энэ довтолгоонд хариу өгөх “бүх сонголт бидэнд бий” хэмээн анхааруулав.
Хэрхэн довтлов?
АНУ-ын агаарын хүчний B-2 бөмбөгдөгч онгоцнуудыг ашигласан “Operation Midnight Hammer” хэмээх уг ажиллагаагаар Ираны Фордо, Исфахан, Нетенз дэх уран баяжуулах үйлдвэрүүдэд “bunker buster” буюу газар доорх байгууламжийг устгах зориулалттай нийт 14 бөмбөг хаясан байна. Нэг бүр нь 15 тонн жинтэй, газар доор 61 метр хүртэлх гүнд нэвтрэх чадвартай бөмбөгийг АНУ тулаанд анх удаа ашиглав. Мөн түүхэндээ хамгийн олон тооны B-2 онгоц ашигласан ажиллагаа нь энэ болж байна.
37 цаг үргэлжилсэн ажиллагааг гүйцэтгэхдээ B-2 онгоцны өөр нэг бүрэлдэхүүнийг Номхон далай дээгүүр өгөөш болгон нисгэж, үндсэн бүрэлдэхүүнээрээ гэнэдүүлэн довтлох тактик ашигласныг АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет онцолж байв.
АНУ-ын агаарын хүчний B-2 бөмбөгдөгч онгоц
Ираны байгууламжууд яав?
Цөмийн зэвсгийн цэнэг болгох баяжуулсан уран боловсруулдаг Нетенз, Фордогийн үйлдвэрүүд нь Ираны цөмийн хөтөлбөрийн зүрх нь юм. АНУ-ын мэдээлснээр дээрх хоёр байгууламжид “bunker buster” бөмбөгөөр, Исфахан дахь байгууламжид “Tomahawk” пуужингаар довтолжээ. Нетенз дэх байгууламжийн газар доорх хэсэг нь 40 метрийн гүнд баригдсан, хамгаалалтын давхарга нь найман метр зузаантай гэсэн судлаачдын тооцоолол бий. Харин Фордо нь уулын энгэрт байршилтай, 60-90 метрийн гүнд оршдог байж магадгүй гэж үздэг.
Пентагон, АНУ-ын цэргийн мэргэжилтнүүдийн урьдчилсан дүгнэлтээр дээрх байгууламжуудад бүгдэд нь “ноцтой гэмтэл, сүйрэл” учирсан байна. Бөмбөгдөлтийн үр дүнд Ираны цөмийн хөтөлбөрийн хөгжил маш олон жилээр ухарсан гэдэгт итгэлтэй байгаагаа АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жеймс Дэвид Вэнс өгүүлсэн.
Исфаханы Цөмийн технологи, судалгааны төв Агаарын довтолгооноос өмнө
АНУ-ын зорилго юу вэ?
Ираныг дахин хэлэлцээрийн ширээний ард “хүчээр” суулгаж, цөмийн зэвсэг хөгжүүлэх амбицаас нь бүр мөсөн ангижруулах хүсэлтэйгээ Дональд Трампын засаг захиргаа илэрхийлж буй. Мөн энхийн хэлэлцээрт нэгдэхгүй бол цэргийн ажиллагаагаа улам эрчимжүүлэхээ Дональд Трамп Иранд анхааруулсан юм.
Хэдий тийм боловч энэ удаагийн ажиллагаа зөвхөн Ираны цөмийн хөтөлбөрийг сүйрүүлэхэд төвлөрсөн бөгөөд Техраны дэглэмийг унагах зорилгогүй болохыг Пит Хегсет тодотгож байлаа.
Ираны хариу үйлдэл юу байв?
АНУ-ын өгсөн цохилтын үр дагавар “мөнхөд үргэлжлэх” бөгөөд Иран улсад бүрэн эрхт байдал, ашиг сонирхол, ард түмнээ хамгаалах “бүх сонголт нээлттэй” гэдгийг Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи анхааруулсан байна.
Түүнчлэн Ираны Парламентын гишүүд Персийн булангийн Ормузын хоолойг хаахыг уриалсныг дотоодын хэвлэлүүд нь мэдээлжээ. Техраны одоогийн дэглэмийн түүхэнд гараагүй энэ арга хэмжээг хэрэв авбал Ойрх Дорнод дахь зөрчил улам даамжирч, дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн сүлжээнд асар том тасалдал үүсэх юм. Хоолойг хаах эцсийн шийдвэрийн эрх мэдэл зөвхөн Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменейд бий.
Зах зээл яах бол?
Нөхцөл байдал ийнхүү хүндэрснээр хөрөнгө оруулагчид аюулгүй хэрэгслүүд рүү хошуурч, хувьцаанууд унаж, газрын тосны үнэ өсөж, мөн ам.доллар чангарах боломжтой гэсэн хүлээлт давамгайлж байна. Шинжээчдийн хэлж буйгаар зөрчил цаашид хэрхэн үргэлжлэхээс зах зээлийн хариу үйлдэл шалтгаалах бөгөөд хэрэв Ираны талаас Ормузын хоолойг хаах гэх мэт хурц алхам хэрэгжүүлбэл зах зээлийн хөдөлгөөн тэр чинээгээр огцом савлах төлөвтэй.