
Зургийг: Na Bian/Bloomberg
Нүүрсний илүүдэл БНХАУ-ыг зөвхөн импортоо танаад зогсохгүй экспортоо нэмэгдүүлэхэд хүргэж байна. Оны эхний таван сарын байдлаар БНХАУ нь Япон, БНСУ, Индонез зэрэг улсад 2.5 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 13 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Хэдий тийм боловч БНХАУ-ын хувьд дотооддоо жил бүр таван тэрбум тонн нүүрс олборлодогтой харьцуулбал нүүрсний гадаад худалдааны биет хэмжээ нь өчүүхэнд тооцогдохоор байна.
Өнгөрсөн 2024 онд БНХАУ-ын нүүрсний импорт 500 сая тонн буюу түүхэн дээд хэмжээндээ хүрсэн нь нийлүүлэлтийн илүүдэл, нөөцийн овоорол үүсгэж, улмаар энэ он гарсаар импорт нь эрс татраад байгаа юм.
Тавдугаар сарын байдлаар тус улсын нүүрсний импорт өмнөх оны мөн үеэс найман хувиар буурсан байна. БНХАУ-ын худалдааны гол түншүүдээс Австрали улс л тавдугаар сард нүүрсний экспортын биет хэмжээгээ нэмэгдүүлжээ. Тус улсын экспортын дийлэнхийг өндөр чанартай коксжих нүүрс бүрдүүлдгээрээ Монголтой адилхан юм.
Харин нөгөө талд БНХАУ цахилгаан станцуудад ашигладаг бага илчлэгтэй, чанар доогуур нүүрсний импортоо зогсоож буй нь Индонез улсад цохилт болж байна. БНХАУ-ын импортын нүүрсний зах зээлийн хамгийн их хувийг эзэлдэг тус улс тавдугаар сард өмнөх оны мөн үеэсээ 26 хувиар бага хэмжээний нүүрс БНХАУ-д нийлүүлжээ.