logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНХАУ-ын эдийн засгийн суурь нь үйлдвэрлэлээс хэрэглээ рүү шилжиж буйг тус улсын Ерөнхий сайд бататгалаа
    Нийтэлсэн огноо: 2025 оны 06 сарын 25 15:43
    625

    Зургийг: Bloomberg/Jade Gao/AFP/Getty Images

    БНХАУ-ын эдийн засгийн суурь шилжилт энэ оны “Зуны Давос”-ын гол сэдэв болж байна

    Уул уурхайн экспортоос хамааралтай Монгол Улсын төсвийн орлого энэ онд тасрах эрсдэлд орсны уг шалтгааныг хөөвөл БНХАУ-ын эдийн засагт удаан үргэлжилж буй хэрэглээний бууралттай холбогдоно. Хэдий тийм боловч тус улс эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад хэрэглэгчийн зах зээлдээ найдаж буй нь энэ оны “Зуны Давос”-оос харагдаж байна.

    Үйлдвэрлэлээс хэрэглээ рүү

    БНХАУ хэрэглээг эдийн засгийнхаа хөдөлгөгч хүч болгож, хурдтай хувьсан өөрчлөгдөж буй дэлхийн худалдаанд тэнцвэржүүлэгч хүчний үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Циан Тяньжин хотноо үргэлжилж буй Дэлхийн эдийн засгийн форумын ээлжит чуулга уулзалтын үеэр онцоллоо.

    “Үйлдвэрлэлийн хүчирхэг гүрний бат бөх суурь БНХАУ-д бий. Энэ суурин дээр хэрэглээнд түшиглэсэн хүчирхэг эдийн засгийг цогцлоохоор бодлого боловсруулагчид ажиллаж байна. Энэ нь бүхий л улсын компаниудад үлэмж том зах зээлийг нээх болно” хэмээн тэрбээр чуулганы индэр дээрээс өгүүлжээ. Мөн худалдааны зөрчил газар авсан энэ цагт мөчлөг бүрийг давж, тууштай урагшлах давуу байрлалтай учир БНХАУ дэлхийн эдийн засагт тогтвортой, тодорхой байдал авчрах үүргээ гүйцэтгэсээр байна гэсэн санааг илэрхийлж байлаа.

    Хэрэглээний салбарыг эдийн засгийнхаа хөдөлгүүр болгох зорилтыг танилцуулсан БНХАУ-ын анхны том албан тушаалтан нь Ли Циан биш. Хэдий боловч дэлхий даяар олон орон тус улсын экспортын их урсгалыг хазаарлах бодлого баримталж эхэлсэн тул БНХАУ энэ зорилтоо улам шуурхайлах шаардлагатай болж байна. Түр хугацаанд ч болов эвлэрэлд хүрээд буй АНУ, БНХАУ-ын "Худалдааны дайн" нь асуудлыг тодотгох хамгийн том жишээ.

    Хэрэглэгчийн сул итгэл, дефляцын дарамтыг арилгахын тулд БНХАУ-ын Засгийн газар одоогоор төсвийн дэмжлэг, татаасны арга хэмжээг илүүд үзэж буй. Тухайлбал: хуучин бараагаа өгөөд шинийг авах хөтөлбөрийг Төрийн татаасаар хэрэгжүүлсэн нь ихээхэн эрэлттэй болж, зарим мужид хуваарилсан төсөв нь барагдаад байгаа аж.

    Энэ онд эдийн засгийн өсөлтөө таван хувьд хадгалах зорилтоо биелүүлэхийн тулд БНХАУ-ын эрх баригчдад энэ мэтийн дэмжлэгийн арга хэмжээгээ улам нэмэх шаардлага гарах төлөвтэй. Тус улсын Засгийн газар энэ онд төсвийн зардлаа сүүлийн гурван жилийн хамгийн өндөр дүнгээр нэмэгдүүлсэн нь тавдугаар сарын байдлаар төсвийн алдагдал 3.3 их наяд юань хүрэхэд нөлөөлжээ.

    Дахиад 100 "DeepSeek"

    Хиймэл оюуны хөгжүүлэлтийн ололт амжилт нь БНХАУ-д инновацын шинэ давлагаа эхлүүлснээр дараагийн 18 сарын хугацаанд тус улсад “DeepSeek”-тэй төстэй 100 гаруй дэвшилтэт бүтээгдэхүүн гарна гэж тооцоолж байгаагаа БНХАУ-ын Төрийн өндөр албан тушаалтан асан “3уны Давос”-ын үеэр мөн онцоллоо.

    unnamed (1).jpg

    Программ хангамжийн шинэ бүтээгдэхүүнүүд нь "БНХАУ-ын нийт эдийн засаг, тэр дундаа технологийн салбарын уг чанарыг сууриар нь өөрчлөх болно" хэмээн БНХАУ-ын Ардын банкны Дэд Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан Жу Минь ярьсан байна. Энэхүү хувьсал нь БНХАУ-ын чадварлаг инженерүүдийн нөөц, хэрэглэгчийн нүсэр бааз суурь, Засгийн газрын дэмжлэгийн бодлогын ачаар бодит болохыг мөн нэмж дурджээ.

    “DeepSeek”-ийн амжилт нь БНХАУ-ын технологийн хувьцаануудын огцом өсөлтийг өдөөж, цаашлаад тус улсын өрсөлдөх чадвар гадаад дахь худалдааны зөрчил, дотоодын эдийн засгийн удаашралыг үл харгалзан өндөр түвшинд хадгалагдах хүлээлт үүсгээд буй.

    АНУ-ын зүгээс хиймэл оюуны талбарт БНХАУ-ыг гол өрсөлдөгчөө гэж үздэг бөгөөд ялангуяа “DeepSeek” өртөг багатай атлаа хүчирхэг хиймэл оюуны моделиор дэлхийг цочроосны даараа энэ өрсөлдөөн улам ширүүссэн юм. Сүүлд Вашингтон “Nvidia”-ийн хиймэл оюунт чипийг БНХАУ-ын компаниудад худалдахыг хориглох шийдвэр гаргаж байлаа.

    “Bloomberg Economics”-ийн тооцоолсноор БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүнд дэвшилтэт технологийн салбарын эзлэх хувь 2024 онд 15 хувь болж өссөн байна. Харин 2026 он гэхэд 18 хувийг давах боломжтой гэж үзжээ. 

    Cэтгэгдэл бичих