
Зургийг: Э.Тэнгис
Улаанбуудайн гурил, мал амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг хэмжээ болон хугацааны хязгаарлалтгүй гаалийн албан татвараас чөлөөлсөн хуулийг хүчингүйд тооцлоо. Ингэснээр долоодугаар сарын нэгнээс 15 хувийн гаалийн албан татвар ногдуулна.
Мөн баруун аймгуудын боомтоор жил бүрийн дөрөвдүгээр сарын нэгнээс долоодугаар сарын нэгний хугацаанд улаанбуудайн гурилыг таван хувийн татвартай импортлох УИХ-ын тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөхийг ХХААХҮЯ мэдээллээ.
Мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонтой холбоотойгоор улсын стратегийн нөөцийг 100 мянган тонн улаанбуудайгаар бүрдүүлэх, мөн гурилын үйлдвэрүүдэд нийлүүлэх хүнсний улаанбуудайн чанарыг итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын үр дүнд үндэслэн баталгаажуулах, суурилагдсан гурилын үйлдвэрүүдийн хүчин чадал, ашиглалтыг нэмэгдүүлж улаанбуудайн гурил, үр тариаг экспортлох боломжийг бүрдүүлэх, баруун бүсийн газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээх болон гурил, тэжээлийн хангамжийн тогтвортой байдлыг бий болгох, үнийн өсөлтөд нөлөөлж буй тээврийн зардлыг бууруулах талаар холбогдох арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан байна.
Мөн Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга, худалдааны болон демпингийн эсрэг хуулийн төслүүдийг боловсруулж, намрын чуулганы хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэхийг салбарын яаманд үүрэг болгожээ.