
Зургийг: Raul Ariano/Bloomberg
Сүүлийн өдрүүдэд Монгол орны ихэнх нутгаар агаарын температур тогтмол 30 хэм давж, хэт халалт үргэлжилж буй. Цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилсан мэдээллээр пүрэв гарагт Улаанбаатар хотод 28-30 хэм хүрч халах төлөвтэй.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр нийслэл хотод ойрын өдрүүдтэй адил аагим халуун өдөр давтагдах магадлал хүнээс шалтгаалсан нүүрстөрөгчийн бохирдол байгаагүй үетэй харьцуулахад багадаа 3-4 дахин нэмэгдсэнийг “Climate Central” ашгийн бус байгууллагаас гаргадаг "Уур амьсгалын шилжилтийн индекс" (CSI) харуулж байна.
Харин Улаанбаатарын энэ оны хамгийн хүйтэн өдөр буюу -37 хэм хүрсэн хоёрдугаар сарын долооны өдрийг харьцуулж харвал давтагдах магадлал нь эсрэгээрээ 1.5 дахин багассан байгаа юм. Өөрөөр хэлбэл дэлхийн хамгийн хүйтэн нийслэл Улаанбаатарт өмнөх шигээ хүйтрэх нь цөөрч, хэт халах нь нэмэгджээ. Цаашлаад энэ зууны төгсгөл гэхэд дэлхийн хойд хэсгийн орнуудад өвлийн эхэн сард нарлаг бөгөөд хавар шиг урин өдрүүд жирийн үзэгдэл болохыг өнгөрсөн онд "Journal of Climate" сэтгүүлд нийтлэгдсэн Массачусетсын Технологийн Сургуулийн (MIT) судалгаанд онцолж байлаа.
Дундаж, эсвэл давтамж
Гадаах үйл ажиллагаанд тохиромжгүй, хэт халуун өдрүүд нэмэгдэхийн үр дагавар нь ажил, амьдралын чанар болоод аялал жуулчлалын хувьд асар их. НҮБ-ын судалгаагаар сүүлийн 70 жилд Монгол Улсын уур амьсгал цельсийн 2.1 хэмээр дулаарсан байна. Түүнчлэн Азийн Хөгжлийн Банкны 2021 онд хийсэн судалгаанаас үзвэл Монгол Улсын агаарын хэмийн дулаарлын түвшин дэлхийн дунджаас хамаагүй илүү буюу энэ зууны төгсгөл гэхэд дундаж агаарын температур хамгийн ихдээ цельсийн 5.3 хэмээр дулаарах төлөвтэй аж.
Хэдий тийм боловч хүн өдөр тутамдаа агаарын дундаж хэмийг мэдэрдэггүй, харин агаарын хэмийн өөрчлөлт, давтамжийг мэдэрдэг учраас CSI зэрэг индекс нь дэлхийн дулаарлын бодит нөлөөг харуулах хамгийн дөхөм хэмжүүрт тооцогддог байна. Жилийн дундаж агаарын хэмийн хувьд Улаанбаатарынх 0 хэм орчимд хэлбэлздэг юм.
CSI индексийн утга багадаа -5, ихдээ +5-ийн хооронд байдаг бөгөөд утга нь дээшлэх тусам тухайн байршил дахь агаарын хэмийн давтагдах магадлал төдий чинээ нэмэгдсэн гэсэн үг аж.