logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    "Labubu"-д заналхийлэх хамгийн том эрсдэл нь Lafufu биш, Wakuku ч биш...
    Нийтэлсэн огноо: 2025 оны 06 сарын 27 13:45
    1001

    Зургийг: Raul Ariano/Bloomberg

    Morgan Stanley: 2025 онд “Pop Mart”-ийн олон улсын борлуулалт дотоодынхыгоо давна

    (Bloomberg) -- Урт чихтэй, хөрөөний ир шиг арзгар шүдтэй “Labubu” хэмээх чихмэл хүүхэлдэй дэлхийг байлдан дагуулж, бараг лангуун дээр гарсан даруйдаа зарагдаж дуусдаг болоод буй. Саяхан л гэхэд тус хүүхэлдэйний хүн шиг том хэмжээтэй хувилбар нь Бээжин дэх дуудлага худалдаанд 150 мянган ам.доллароор зарагдсан. Сошиал давлагааг хөлөглөсөн энэхүү халуурлаас бид цуглуулдаг бүтээгдэхүүний шинэ эрин үеийг эхлүүлэв үү, эсвэл замхран алга болох хувь заяатай ээлжит нэг тренд үү гэдэг асуулт урган гарна.

    Ашигт ажиллагааны аварга

    “Labubu”-г үйлдвэрлэдэг БНХАУ-ын “Pop Mart” компанийн хувьцаа он гарсаар 178 хувиар цойлоод байна. Мөн зах зээлийн үнэлгээ нь 43 тэрбум ам.доллар хүрсэн нь алдарт “Hello Kitty”  болон “Barbie”-ийг эзэмшдэг “Sanrio”, “Mattel” компаниудын үнэлгээг нийлүүлснийг даруй хоёр нугалах дүн. “Pop Mart”-ийн орлого өнгөрсөн онд хоёр дахин өсөж 1.8 тэрбум ам.доллар хүрсний сацуу өрсөлдөгчдийнхөө шүлсийг урсгам 67 хувийн ашгийн маржинтай ажиллажээ.

    unnamed (2).jpg

    “Pop Mart” нь нэгэнт дэлхийн хамгийн хурдтай өсөж буй олон улсын брэндүүдийн нэг болсныг “Morgan Stanley” тодотгож байна. Мөн 2025 онд тус компанийн олон улс дахь борлуулалт дотоодын борлуулалтыг нь давах төсөөллийг брокерууд гаргаж байна.

    Жинхэнэ сорилт нь…

    Эрэлт өндөр, нэлээн үнэтэй “Labubu”-ийн дуураймал бүтээгдэхүүнүүд брэнд нэр хүндэд нь сэв суулгах вий гэсэн болгоомжлол үүсэх нь дамжиггүй. Тухайлбал: БНХАУ-ын жижиглэн худалдааны “Miniso”-оос танил “зэвүүн” инээмсэглэлтэй “Wakuku” хэмээх чихмэл гаргаж, дэлгүүрүүдийнхээ үүдэнд урт дараалалтай болоод буй. Мөн тус чихмэлийн оюуны өмчийг эзэмшдэг “QuantaSing Group”-ийн хувьцааны ханш “Nasdaq” биржид он гарсаар 365 хувиар өсжээ. Үүнээс гадна цуглуулагчдын “Lafufu” хэмээн нэрлэдэг, “Labubu”-ийн яг дуураймал бүтээгдэхүүнүүд цахим худалдааны сайтуудыг дүүргэж байна.

    Хэдий тийм боловч дуураймал бүтээгдэхүүнүүд “Pop Mart”-ийн олох байсан орлогоос хумсаллаа ч бизнесийг нь унагана гэдэг боломжгүй зүйл болохыг “Bloomberg Opinion”-ийн нийтлэлч Шули Рен бичжээ. Харин компанид заналхийлэх хамгийн том эрсдэл бол хоёрдогч зах зээлийн наймаачид аж. Нэг талдаа хэрэв хүүхэлдэйнүүд дамлан наймаалагчдын гарт орсоор байвал компани үнэнч хэрэглэгчдийн хүрээгээ тэлэхэд хүндрэлтэй болно. Нөгөө талдаа хоёрдогч зах зээлд тогтмол зарагдсанаар “Labubu” тансаг бүтээгдэхүүн болж чадахгүй.

    “Pop Mart” зургаадугаар сарын 18-нд тус хүүхэлдэйний гурав дахь үеийн загварууддаа цахимаар урьдчилсан захиалга авсан нь эхний шалгалт болжээ. Хүлээлтийн дагуу гайхалтай амжилт олж, компани 500 сая гаруй юанийн захиалга авсан ч хоёрдогч зах зээлд нөхцөл байдал эсрэгээрээ эргэсэн байна. Нөөц нь өмнөх шигээ ховор байхгүй гэсэн хүлээлт үүссэнээр хүүхэлдэйний дамлан зарагдах дундаж үнэ 40 хүртэл хувиар унасан байна. Өмнө нь 99 юанийн “Labubu” хоёрдогч зах зээлд 200-500 юань хүрдэг байлаа.

    Тиймээс яг одоо “Pop Mart”-ийн тархиа гашилгах ёстой гол асуулт бол “Labubu”-ийн борлуулалтын яг хэдэн хувь нь дамлан наймаалагчдад очиж байна вэ гэдэг асуулт аж.

    Cэтгэгдэл бичих