
Зургийг: Зам, Тээврийн яам
Сүхбаатар аймгийн төв Баруун-Уртыг Бичигт боомттой холбох төслийн эхний үе шат болох 152 км хатуу хучилттай авто замын барилгын ажил эхэллээ. Энэхүү авто замын төслийг 2025-2027 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр төлөвлөж, энэ оны төсөвт 31.6 тэрбум төгрөг тусгажээ. Нийт төсөвт өртөг нь 324 тэрбум төгрөг буюу нэг км замын өртөг дунджаар 2.1 тэрбум төгрөг болж байгаа аж.
Төслийн гүйцэтгэгчээр “Монгол зам групп” ХХК, техник технологийн хяналтын зөвлөх компаниар “Аварга зам” ХХК шалгарсан байна. Авто замын асфальтбетон хучилт 11 см, цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурь 22 см, цементээр бэхжүүлсэн хөрсөн суурь 22 см, суурийн доод үе 30 см ба нийт 85 см зузаан хийцлэлтэй байх ажээ.
Баруун-Урт-Бичигт чиглэлийн хатуу хучилттай авто зам ашиглалтад орсноор Монгол Улсаар дайран өнгөрөх Ази, Европыг холбосон авто замын сүлжээ шинээр нэмэгдэнэ. Түүнчлэн Бичигт нь Замын-Үүд боомтын дараа орох томоохон боомт болж, улмаар БНХАУ-ын Тянжин, Жинзоу, Далиан зэрэг боомтоор дамжин Зүүн хойд Азийн улстай худалдаа хийх боломж бүрдүүлж өгөх эдийн засгийн чухал ач холбогдолтой юм байна.
Мөн Сүхбаатар аймгийн эдийн засагт хөдөө аж ахуй, мал аж ахуй болон уул уурхайн салбар зонхилдог бөгөөд дээрх салбаруудад түшиглэн мах боловсруулалт, аялал жуулчлал, бүс нутгийн худалдаа зэргийг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх аж.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засгийн өсөлтийг хангах, экспортыг нэмэгдүүлэх, зам тээврийн сүлжээг өргөжүүлэх зорилтын хүрээнд томоохон суурин газруудыг хилийн боомттой холбох, аялал жуулчлалыг хөгжүүлэх болон эдийн засаг, нийгмийн ач холбогдол бүхий зарим сум, суурин газрууд руу чиглэсэн авто зам барих, эдийн засгийн үр ашигтай, хөдөө аж ахуйн тээвэрлэлтийг дэмжсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд олон улсын CAREC-4C буюу Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны 4С коридорт хамаарагддаг Баруун-Урт-Бичигт чиглэлийн авто зам хамаарч байгаа юм.