
Зургийг: Ronda Churchill/Bloomberg
(Bloomberg) -- Өнгөц харвал криптовалютын зах зээл 2025 онд гялалзаж байна. АНУ-ын Ерөнхийлөгч криптовалютад ээлтэй бодлого баримтлахаа амлаж, гэр бүлийнхэн нь тус салбарт хүч үзэж, виртуал хөрөнгийг санхүүгийн тогтолцоондоо нэвтрүүлэх хууль Конгрессоор батлагдах дөхөж, мөн Биткойны ханш бүх цаг үеийн дээд цэгтээ хүрээд буй.
Хэдий тийм боловч Биткойны шуургалсан өсөлтийн цаана тэс өөр дүр зураг ноёрхох болжээ. "Альткойн" буюу Биткойн, тогтвортой койнуудаас бусад бүх виртуал хөрөнгийн ханш энэ он гарсаар шалдаа бууж, зах зээлийн үнэлгээнээс нь 300 тэрбум гаруй ам.доллар арчигджээ. Уналт хэт сунжирснаар зах зээлийн зарим хэсэг нь бүр оршин тогтнох эсэх асуудалд тулаад буй аж.
"Үнэнийг хэлэхэд тэдгээр койнууд яваандаа зүгээр л замхарч алга болох байх. Ерөнхийдөө алткойнуудын ихэнх нь ямар ч идэвхгүй болж, үүрд тоосонд дарагдана" хэмээн Zodia Markets арилжааны платформын хамтран үүсгэн байгуулагч Ник Филпотт онцолсон байна.
Крипто зах зээлийн нийт үнэлгээнд Биткойны эзлэх хувь энэ онд 9 хувиар өсөж, 64 хувьд хүрсэн нь 2021 оны I сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болохыг CoinMarketCap-ийн дата харуулж байна. Гэтэл нөгөө талд хамгийн том 100 виртуал хөрөнгийн сүүлийн 50-ыг дагадаг MarketVector-ийн индекс 2025 он гарснаас хойш 50 хувиар унасан бол дэлхийн хоёр дахь том криптовалют Ether-ийн ханш бүх цаг үеийн дээд түвшнээсээ 50 хувиар доогуур арилжаалагдаж байна.
"Түүхэн чиг хандлагыг харвал Биткойн өсөх үед альткойны зах зээл дагаад өсдөг байсан. Харин одоо энэ мөчлөг харагдахгүй байна" хэмээн Wintermute-ийн арилжаалагч Жэйк Островскис хэлж байна. FTX биржийн Сэм Банкман-Фридийн дуулиан, Terra койны уналт гээд салбарыг хамарсан хямрал өмнө нь тус зах зээлийг цөөнгүй дайрч байлаа. Харин энэ удаа юу өөр вэ гэхээр криптовалют илүү зохицуулалттай, институц давамгайлсан зах зээл болж, "stablecoin" буюу тогтвортой койнууд л төлбөрийн тооцооны жинхэнэ хэрэгсэл болох боломжтой байхаар байна.
Зөвхөн өнгөрсөн онд тогтвортой койны зах зээлийн нийт үнэлгээ 47 тэрбум ам.доллароор тэлж, мөн дэлхийн хамгийн том банкнууд тус зах зээл рүү орж эхэлсэн юм.