
Valeria Mongelli/Bloomberg
(Bloomberg) -- Тайланд улсын Үндсэн хуулийн шүүхээс тус улсын Ерөнхий сайд Паэтонтарн Шинаватра ёс зүйн дүрэм зөрчсөн эсэх асуудалд дүгнэлт гаргах хүртэл албан тушаалаас нь түр хугацаанд түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.
Ерөнхий сайд Шинаватра Камбож улсын Ерөнхий сайд асан Хун Сентэй утсаар ярьсан бичлэг задарснаас эхтэй дуулианаас болж Тайландын Засгийн газар байгуулагдаад жил ч хүрэлгүй огцрох эрсдэлд ороод буй. Утсаар ярихдаа Шинаватрагийн хэлсэн үгс, тэр дундаа Тайландын армийг шүүмжилж ярьсан агуулга нь ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн тул албан тушаалаас нь огцруулах үндэслэл болно гэж Үндсэн хуулийн шүүхэд өргөдөл гаргасан парламентын гишүүд үзэж байгаа аж.
Улс төрийн энэхүү дуулиан өдгөө 38 настай Паэтонтарн Шинаватрагийн нэр хүндийг эрс унагаад байна. Гуравдугаар сард иргэдийн дунд явуулсан санал асуулгаар 30.9 хувь нь Шинаватраг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан бол зургаадугаар сард явуулсан санал асуулгад энэ тоо ердөө 9.2 хувь болж буурчээ.