
Зургийг: No Ju-han/Netflix
(Bloomberg) -- Netflix-ийн өндөр амжилттай "Squid Game" цувралын гуравдугаар улирал олны хүртээл болсон эхний гурван өдөртөө үзэлтийн тоогоор дээд амжилт эвдэж, дэлхийг байлдан дагуулсан Солонгосын соёлын гоц үзэгдлийн статусаа бэхжүүллээ.
Амьд үлдэхийн төлөөх тэмцлийн сэдэвт, триллер жанрын тус бүтээлийн үзэлт гурван өдөрт 60 сая давсан нь Netflix-ийн түүхэн дэх хамгийн өндөр амжилттай нээлт болоод зогсохгүй дэлхийн 93 улсад топ 10-ын эрэмбийн нэгдүгээрт жагссан аж. Харьцуулбал "Squid Game"-ийн хоёрдугаар улирал гарсан эхний дөрвөн өдөрт 68 сая үзэлт бүртгэгдэж байсан юм.
Солонгос контентод олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд буй Netflix-ийн хувьд энэ эрчээ хадгалж, ижил өндөр амжилттай уран бүтээлүүдээр дэлхий нийтийн сонирхлыг татах нь гол сорилт болж байна. 2021 онд анх гарч байсан "Squid Game" тус платформ дээрх хамгийн олон хүн үзсэн уран бүтээл хэвээр бөгөөд эхний хоёр улирлын өнөөг хүртэлх нийт үзэлт нь 600 сая хүрсэн байна.
"Гадаадын олон үзэгчийн үзсэн анхны жинхэнэ Солонгос драм нь Squid Game байсан. Түүнээс хойш Netflix-ийн хэрэглэгчдийн 80 хувь нь Солонгос контент руу орж, дийлэнх нь одоо ч үргэлжлүүлэн үзсээр байна" хэмээн Netflix-ийн Солонгос контент хариуцсан Дэд захирал Дон Кан онцолжээ.
"Squid Game"-ийн төгсгөлийн улирал шүүмжлэгчид, үзэгчдээс авсан үнэлгээний хувьд базаахгүй байгаа ч сошиал сүлжээнд дэлхийг хамарсан хэлэлцүүлгийн сэдэв болоод байна. Түүнчлэн "Squid Game"-ийн Америк хувилбарыг бүтээх ажил эхэлсэн бөгөөд алдарт Дэвид Финчер найруулагчаар нь ажиллах тухай мэдээлэл гараад буй. Netflix-ийн зүгээс цувралын үргэлжлэл, сэдэвчилсэн бүтээлийн талаар албан ёсны мэдээлэл хараахан өгөөгүй байгаа юм.
Sohee Kim