
(Bloomberg) -- Швейцарт чинээлэг иргэдийн өвлүүлэх хөрөнгөөс их хэмжээний татвар авдаг хуультай болох эсэхийг тус улсын иргэд ирэх 11 дүгээр сард болох бүх нийтийн санал асуулгаар шийдэхээр болжээ.
Швейцарын "Juso" буюу Залуу социалистуудын байгууллагын анх санаачилж, 100 мянган иргэний гарын үсэг цуглуулаад буй тус саналд иргэний нас барахдаа өвлүүлсэн хөрөнгийн үнэлгээ 50 сая франк буюу 63 сая ам.доллароос давсан бол 50 хувийг нь улсын өмчид шилжүүлж, түүнээс хуримтлагдсан хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх төсөл арга хэмжээнд зарцуулдаг болохоор тусгажээ.
Тус улсын хууль тогтоох байгууллага, Засгийн газарт уг төлөвлөгөөг эсэргүүцсэн байр суурь давамгайлж буй ч Швейцарын шууд ардчиллын зарчмын дагуу иргэдээс өндөр дэмжлэг авсан хууль журмыг бүх нийтийн санал асуулгын үр дүнд тулгуурлан батлах ёстой аж.
Швейцар улсад орлогын албан татварын хувь хэмжээ Европтоо хамгийн багад тооцогддог тул дэлхийн баячуудын шилжин суурьших гол бүс байсаар ирсэн юм. "Харгис хатуу 50 хувийн өв залгамжлалын татвар нь гэр бүлийн бизнесүүдийн оршин тогтнолд заналхийлж, эдийн засгийн маш өндөр төлөөс авчирна" хэмээн дээрх саналыг эсэргүүцэж буй парламентын гишүүдийн бүлэг мэдэгдэлдээ онцолжээ.