
Зургийг: Taylor Weidman/Bloomberg
БНХАУ-ын коксжих нүүрсний зах зээлийн төлөвийн хүлээлт өмнөхөөсөө дээрдэж, гангийн үйлдвэрүүдийн татан авалт тодорхой хэмжээнд сэргэсний нөлөөгөөр коксжих нүүрсний үнэ эхний хагас жилийн төгсгөлийн өдрүүдэд өсөх чигтэй байлаа. Хэдий тийм боловч өсөлтийн энэ эрч тогтвортой хадгалагдах магадлал тааруу болохыг SXCoal онцолсон байна.
Тус улсын Засгийн газраас уурхайнуудад байгаль орчны нөлөөллийн шалгалт хийж буйтай холбоотойгоор бүс нутгуудад нийлүүлэлт хумигдаж, эцсийн худалдан авагчдын сонирхол нэмэгдэж, улмаар өнгөрсөн долоо хоногт коксжих нүүрсний ихэнх худалдаа саадгүй явагдсан байна.
Хятадын Ганцмод боомтод Монголын коксжих нүүрсний худалдан авалт мөн идэвхжиж, дийлэнх ангиллын үнэ нь нэмэгджээ. Тодруулбал Монголын 5# болон 3# ангиллын нүүрс тонн нь 750 юань болон 790 орчим юаньд хүрч, өмнөх долоо хоногоосоо 20-30 юаниар өссөн байна. Харин Мандал боомтод Монголын нүүрс мөн тонн тутамдаа 20 орчим юаниар өсөж 720 юань болсон байна.
Наадмын амралтын өдрүүдээр нүүрсний хил дамнасан тээвэрлэлт 10 орчим хоног зогсох тул Монголын нүүрсний нөөц боомтуудад багасаж, үнийг үргэлжлүүлэн дэмжих боломжтой. Гэхдээ Хятадад VII болон VIII саруудад гангийн эрэлт сулардгаас шалтгаалан үнийн одоогийн чиг хандлага богино настай байх магадлал бий тул арилжаанд оролцогчид “эерэг, гэхдээ сэрэмжтэй” төлөвт байна.