
Зургийг: Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ төрөлтийг дэмжих, хосуудыг хүүхэдтэй болоход нь урамшуулах зорилгоор гэр бүлүүдэд мөнгөн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж буйг тус улсын Засгийн газрын ойрын эх сурвалжаас Bloomberg-т мэдээлжээ.
Тус хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар 2025 оноос эхлэн улс даяар шинээр төрсөн хүүхэд бүрд гурван нас хүртэл нь жилийн 3600 юань буюу 503 ам.долларын тэтгэмж олгохоор болсон байна.
Хэдийгээр Хятад улс "нэг айл-нэг хүүхэд" бодлогоо дуусгавар болгоод арваад жил болж буй ч хүн ам нь 2024 он хүртэл гурван жил дараалан буураад байгаа. Өнгөрсөн онд 9.54 сая хүүхэд төрсөн нь 2016 онд 18.8 сая шинэ төрөлт бүртгэгдэж байсантай харьцуулахад хоёр дахин буурсан үзүүлэлт юм.
Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай БНХАУ-д төрөлтийн түвшин буурч, хөдөлмөрийн насны хүн ам хумигдаж буй нь ажиллах хүчний нөөц, бүтээмжид заналхийлэх гол сорилт болж буй. НҮБ-ын хүн ам зүйн загварчлалаар Хятадын хүн ам 2050 он гэхэд 1.3 тэрбум, 2100 оноос 800 саяас доош орж буурах төлөвтэй аж.