
Зургийг: APR Corp.
(Bloomberg) -- Кайли Женнерийн TikTok-т оруулсан богинохон бичлэгийн ачаар “Booster Pro” хэмээх арьс арчилгааны төхөөрөмж цахим орчинд алдаршиж, эрэлт нь цойлжээ. Үүнийг дагаад тус төхөөрөмжийн үйлдвэрлэгч, Сөүлд төвтэй төдийлөн танигдаагүй стартап APR Corp. өдгөө “K-beauty”-ийн тэсрэлтийн цөм нь болж, компанийн үүсгэн байгуулагч 36 настай Ким Бён Хун БНСУ-ын шинэхэн тэрбумтан болсон байна.
Өнгөрсөн оноос нээлттэй арилжаалагдаж эхэлсэн APR-ийн хувьцаа 2025 он гарсаар 200 хувь өсөөд байна. Мөн зах зээлийн үнэлгээ нь 4 тэрбум ам.доллар давснаар БНСУ-ын гоо сайхны салбарын нээлттэй компаниудаас хоёрдугаарт бичигдэж эхэлжээ. Ким Бён Хун компанийнхаа 31 хувийг эзэмшдэг тул нийт хөрөнгө нь 1.3 тэрбум ам.долларт хүрснийг Bloomberg-ийн тэрбумтнуудын индекс харуулж байна.
Технологийн энтрепренер байсан тэрбээр хожим гоо сайхны салбар руу шилжиж, 2014 онд APR-ийг байгуулжээ. Эхэндээ гоо сайхны бүтээгдэхүүнд төвлөрч байсан компани 2021 оноос үйлдвэрлэлээ өргөтгөж, салоны мэт арьс арчилгааг гэртээ хийх боломжтой гэгдэх төхөөрөмжүүд үйлдвэрлэх болсон байна.
Барууны томоохон инфлүэнсерүүдийн дэмжлэгээр “K-beauty”-ийн нэр хүнд Азиас халин Америкт дэлгэрч, өнгөрсөн онд Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүний борлуулалт 56 хувиар өсөн 1.9 тэрбум ам.долларт хүрчээ. Харин APR-ийн борлуулалтын орлогын 70 гаруй хувийг одоо гадаад зах зээл бүрдүүлж байгаа аж.
2023 оны сүүлээр Хэйли Бибер тус компанийн гелэн маскийн тухай анх пост оруулсан нь гэнэтийн таатай үйл явдал байсныг APR онцолж байлаа. Органикаар бий болсон энэхүү хандалт нь хожим APR Кайли болон Кендалл Женнер, Клоэ Кардашьян нартай хамтарч дэлхийг хамарсан маркетинг хийх замыг засжээ.
"K-beauty одоо анхны хэрэглэгчдийн үе шатаас ахиж, масс зах зээлийн хэрэглэгчдэд хүрч эхэлсэн нь мэдрэгдэж байна" хэмээн компанийн Санхүү хариуцсан захирал Шин Жэ Ха Bloomberg-т ярьсан байна.
Yoojung Lee