
1 сая хэрэглэгчтэй үйлчилгээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхээр дэмжлээ. Уг төсөлд цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулж, нэгдсэн дүрэм журамтай болгох юм.
Зөвхөн Улаанбаатарт төдийгүй Европ, Азийн олон хотод 7 гаруй жилийн өмнөөс нэвтэрч, түүнээс хойш хувьсан өөрчлөгдсөөр байгаа скүүтерийн үйлчилгээ нь хот дотор зорчих хурдан шуурхай, ногоон, орон зай хэмнэсэн шинэлэг арга замыг санал болгосон нь үнэн. Гэхдээ хүртээмж нь хэтэрсний улмаар явган хүний замд хөглөрөн зорчигчдод төвөг учруулж, осол аваар гарах эрсдэл ч нэмэгдсээр буй.
Монгол Улсад зөвхөн 2024 онд 16.8 мянга гаруй цахилгаан дугуй, скүүтер импортоор орж ирсэн нь 2022 онтой харьцуулахад 16 дахин өсжээ. Мөн цахилгаан дугуй, скүүтер түрээсийн үйлчилгээг дөрвөн компани үзүүлдэг болж, тэдгээрийн аппликэйшийг ашиглаж байгаа иргэдийн тоо 2024 оны эцсийн байдлаар 1 саяд хүрсэн байна.
Дээрх хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн мэдээлснээр сүүлийн гурван жилийн хугацаанд цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 985 осол гэмтэл бүртгэгдсэн бөгөөд нийт осол, гэмтлийн тохиолдлын 39 хувийг 10-19 насны хүүхдүүд эзэлжээ.
Хуулийн төсөлд оруулсан онцлох заалтуудаас дурдвал:
- “Цахилгаан дугуй” гэдэг нь нэг хүн тээвэрлэх суудалтай, цахилгаан хөдөлгүүр болон дөрөө хосолсон байхаар, 25 км/ц-аас дээшгүй хурдтай
- Цахилгаан дугуй, скүүтерийг 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцоно.
- Цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн жолооч нь замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явна.
- Хэрэв унадаг дугуйн зам болон унадаг дугуйн замын эгнээ байхгүй, эсхүл түүгээр явах боломжгүй тохиолдолд авто замын зорчих хэсгийн баруун гар талын зах буюу хөвөөгөөр болон нийтийн тээврийн эгнээгээр зорчино.
- Явган хүний замаар хурдыг цагт 10 км-ээс хэтрүүлэхгүй явах ба явган зорчигчид саад, аюул учруулахгүйгээр зорчино.
Зохицож амьдрах уу, эсвэл…
Европын хотууд скүүтертэй холбогдох дүрэм журмаа чангалсан, эсвэл бүр мөсөн хориглосон шалтгаан нь голчлон авто зам дээр жолооч нарт, явган хүний зам дээр явган зорчигчдод төвөг учруулж буй асуудал байжээ. Одоогоор Парис, Мадрид хотууд болон Мальта цахилгаан скүүтерийн үйлчилгээг бүрэн хориглоод байгаа.
Гэхдээ иргэд цахилгаан скүүтерийн давуу тал, дасан зохицох боломжийг дутуу үнэлдэг, эрх баригчид скүүтерээр зорчиход хялбар болгох бодлого, шийдлээр хангаж өгдөггүй гэдгийг Европ дахь хотын тээврийн инновацын сүлжээ болох POLIS-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Карен Ванклуисен хэлж байна. Bloomberg-ийн СityLab-т өгсөн түүний ярилцлагаас онцлох хэсгийг хүргэе.
Иргэдээс ирж буй хамгийн түгээмэл гомдол нь “гудамж талбайн орон зайг эзлээд байна” гэсэн гомдол байсан. Үнэндээ энэ нь шударга бус. Учир нь хүмүүс нийтийн орон зайг бохирдуулагч гол эх үүсвэр нь бяцхан скүүтэр бус, автомашин гэдгийг ухаарахгүй байна. Автомашинд зориулагдсан хот төлөвлөлтийн уршгаар ихэнх хотууд хөнгөн тээврийн хэрэгсэлд хангалттай орон зай гаргаж өгдөггүй. Бид үүнийг өөрчлөхөөр ажиллаж байна.
Цахилгаан скүүтерийн үйлчилгээ хэрэгтэй юу гэдгийг шийдэх нь тухайн хотын эрх мэдэл. Гэхдээ миний хувьд иргэдийг аль болох олон тээврийн сонголтоор хангахыг дэмждэг. Хувийн автомашины хэрэглээг бууруулж, зорчих хувилбарыг нэмэгдүүлэх ямар ч сонголтыг таатай хүлээж авна.
Ирээдүйд цахилгаан скүүтерт бодлогын ямар асуудал гол сэдэв болохоор байна вэ?
Дугуйн зам ба дугуйн эгнээний орон зай. Магадгүй “дугуйн эгнээ” гэж тодорхойлох нь ч оновчгүй байх. “Хөнгөн тээврийн хэрэгслийн эгнээ” гэж нэрлэх нь зүйтэй. Учир нь түүгээр явдаг тээврийн хэрэгслийн тоо, төрөл нэмэгдсээр байх болно. Гэхдээ нийтийн орон зайг эзлэхийн төлөө зорчигчид хоорондоо тэмцэлддэг болчихвол харамсалтай. Угтаа тэд хүчээ нэгтгэх нь зөв шүү дээ.