
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
Зургаадугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө тус цахилгаан станцад хамгийн сүүлд ашиглалтад оруулсан турбин дэлбэрч гэмтсэний улмаас нэг инженер амиа алдсан юм. Мөн ослоос болж эрчим хүчний салбарын хамгийн хүнд жил энэ онд тохиож магадгүй болсныг ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн доктор Д.Үлэмж онцолж байлаа.
Цахилгаан станцын осолд өртөж гэмтсэн барилгыг буулгаж, шинээр барих ажлыг долоодугаар сарын 25-нд эхлүүлэх бөгөөд 11 дүгээр сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөснийг тус станцад бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажиллаж буй Н.Тавинбэх Ерөнхий сайдтай хийсэн уулзалтын үеэр мэдээлсэн. Мөн "Ослын дүгнэлт урьдчилсан байдлаар гарсан. Энэ сарын 18-нд ажил цуглахаар танилцана" хэмээн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлж байв.
Станцын одоо ажиллаж буй генератор 1968 онд ашиглалтад орсон бөгөөд ашиглалтын хугацаа нь 30 гаруй жилээр хэтэрсэн байгааг Н.Тавинбэх мөн тодотгов.
14 мега төслөөс эрчим хүчний салбарт хамаарах 5 төслийг 2032 он хүртэл хэрэгжүүлж, 10 их наяд орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийх амбицтай төлөвлөгөөг ЗГ гаргаад буй. Мөн эрчим хүчний хэрэгцээг 100 хувь дотоодоос хангадаг болоход 1.5-2 тэрбум ам.долларын санхүүжилт хэрэгтэйг Эрчим хүчний реформын үндэсний хороо мэдээлж байлаа.