
Тэрбумтан Ларри Эллисон Марк Закербергийг гүйцэж, дэлхийн тэргүүн баячуудын эрэмбэд анх удаагаа хоёрдугаарт бичигдэж эхэлснийг Bloomberg-ийн тэрбумтнуудын индекс харуулж байна. Түүний үүсгэн байгуулсан Oracle компанийн хувьцаа огцом өссөнөөр хөрөнгийн хэмжээ нь 251.2 тэрбум ам.долларт хүрчээ.
Хиймэл оюунтай холбоотой хувьцаанууд руу хөрөнгө оруулагчид хошуурснаас хамгийн өндөр ашиг хүртэж буй компаниудын нэг нь Oracle болоод буй. 2022 оны 11 дүгээр сард ChatGPT анх олон нийтэд нээлттэй болсноос хойш компанийн хувьцааны ханш бараг гурав дахин өсжээ. Тэр дундаа сүүлийн гурван сарын хугацаанд ханш нь 90 хувь давж өсөхөд компанийн программ хангамж, үйлчилгээний орлого цойлж, мөн өндөр дүнтэй түншлэлийн гэрээнүүд байгуулсан нь нөлөөлжээ.
Сүүлд АНУ-ын Засгийн газар өмнөх Ерөнхийлөгч Жо Байдены үед тогтоосон экспортын хоригийг зөөлрүүлж, Nvidia болон AMD компаниудын зарим төрлийн хиймэл оюунт чипийг БНХАУ-д экспортлохыг зөвшөөрнө гэсэн мэдээлэл гарсны дараа мягмар гарагт Oracle-ийн хувьцааны ханш 5.7 хувиар өссөн байна.
Өдгөө 80 настай Ларри Эллисоны нийт хөрөнгийн 80 гаруй хувь нь Oracle-ийн хувьцаа болон опционоос бүрддэг аж.