
Зургийг: tmkenergy.com.au
“TMK Energy” компани нүүрсний давхаргын метан хийн "Гурвантэс XXXV" төслийн туршилтын долоо дахь буюу сүүлийн цооногийнх нь өрөмдлөг амжилттай дууссаныг зарлалаа.
Тус компани наймдугаар сарын эцэс гэхэд “Lucky Fox” талбай дахь бүх долоон цооногийн хийн урсгалыг үйлдвэрлэлийн тохиромжтой түвшинд хүргэхээр төлөвлөсөн байна. Цаашид хийн даралтыг бууруулж, урсгалыг тогтворжуулснаар цооногуудаас арилжааны зорилгоор хий олборлох боломж бүрдэх юм.
Шинэ "Lucky Fox-7" цооногт одоогоор эцсийн хяналт шалгалт хийж байгаа бөгөөд ойрын өдрүүдэд олборлолт нь эхлэх аж.
Өрөмдлөгийн үе шат ийнхүү дуусгавар болсноор төсөлд богино болон дунд хугацаандаа томоохон хөрөнгийн зардал гарахгүй болохыг “TMK Energy”-ийн Гүйцэтгэх захирал Дугалл Фергюсон онцолж байна. "Долоон цооног ажиллуулж эхэлснээр бид шаргуу хөдөлмөр, хөрөнгө оруулалтынхаа үр шимийг тун удахгүй харах болно гэдэгт итгэж, хүлээж байна" хэмээн тэрбээр дурджээ.
“TMK Energy” компани одоо төслийнхөө дараагийн үе шатыг хамтран хөгжүүлэх стратегийн түнш олоход төвлөрч ажиллах юм байна.