
Зургийг: Carla Gottgens/Bloomberg
“Rio Tinto”-ийн шинээр томилогдсон Гүйцэтгэх захирал Саймон Тротт компанийнхаа бүтэц, зохион байгуулалтыг оновчлох ажлын хүрээнд зарим гол бизнесүүдээ нэгтгэсэн байна.
Шинэ зохион байгуулалтаар компани төмрийн хүдэр, хөнгөн цагаан ба лити, зэс гэсэн гурван үндсэн нэгжээс бүрдсэн бүтэцтэй болохыг лхагва гарагт “Rio Tinto” мэдээллээ. Ингэснээр тус компанийн Гвиней улс дахь "Simandou" төсөл Австрали дахь төмрийн хүдрийн төслүүдтэй нэг бүлэгт харьяалагдана. Мөн лити болон хөнгөн цагааны бизнесээ нэгтгэж байгаа юм.
Харин “Rio Tinto”-ийн удирдлагын бүтцийн хувьд одоогийн баг ерөнхийдөө хэвээр үлдэх аж.
Өмнө нь тус компанийн хамгийн өндөр ашигтай төмрийн хүдрийн группийг удирдаж байсан Саймон Тротт энэ сард Якоб Стаусхолмыг залгамжилж, Гүйцэтгэх захирлаар томилогдсон юм.
Үйл ажиллагааг хялбарчлан оновчилж, өртөг бууруулж, өсөлтийн гол төслүүддээ анхаарах нь Саймон Троттын эхний том ажил болж байна.