
Зургийг: С.Батсайхан
Дулааны III цахилгаан станцад гарсан ослоос шалтгаалан энэ өвлийг гал алдахгүй давж чадах эсэх нь нийслэлчүүдийн санааг зовоож буй.
Санхүүгийн эх үүсвэр нэмэгдсэн
Нийслэлд эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг есдүгээр сард багтаан 93 хувьд хүргэхээр зорьж буйгаа Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ компани мэдээллээ. Ирэх өвлийн бэлтгэл ажил болгож нийслэлд 15.8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бол улсын хэмжээнд 432 тэрбум төгрөг төсөвлөжээ. Эрчим хүчний яамны мэдээллээр наймдугаар сарын 15-ны байдлаар улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 64.5 хувьтай байсан байна.
Өмнөх жилүүдэд нийслэлчүүдийн өвөлжилтийн бэлтгэлд 8-10 орчим тэрбум төгрөг зарцуулж байсан нь хангалттай хүрэлцдэггүй байсныг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ компанийн Ерөнхий инженер дурдсан юм. Хэдийгээр эрчим хүчний үнэ тарифын нэмэгдэл нь инфляцад суурь нөлөө үзүүлсэн ч салбарын хэмжээнд урсгал засвар, бэлтгэл ажлын санхүүжилтээ бүрдүүлэх багагүй боломж олгосныг мөн онцолж байв.
Мэргэжлийн байгууллагын судалгаагаар 12 дугаар сард эрчим хүчний оргил ачаалал 1800 МВт хүрч, өмнөх оноос дахин 6-7 хувиар өсөх тооцоолол гарчээ. Нийт ачааллын 1197 МВт-ийг дотоод эх үүсвэрээс хангах бол батарей хуримтлуураас 160 МВт, салхин эх үүсвэрээс 30 МВт хангаж импортоор 300 МВт-ийг худалдан авах төлөвлөгөөтэй байгаа аж. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний оргил цагийн ачаалал 1029 МВт байна.
Бөөрөлжүүтэд найдна
Осол гэмтлийн улмаас дутагдах эрчим хүчний хэрэглээг 110 МВт-ийн хязгаарлалтаар зохицуулах боловч Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орвол нөхөж чадна гэж салбарын яам үзэж байна. Тус цахилгаан станцын 150 МВт-ын хүчин чадалтай I блок болон Багануурын 50 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуурын станц өнгөрсөн өвлөөс эрчим хүч нийлүүлж эхэлсэн нь оргил ачааллаас хуваалцахад ихээхэн дэм болсныг ч дурдаж буй.
Эрчим хүчний салбарт нийт 5.3 их наяд төгрөгийн өртөгтэй 32 төсөл хэрэгжүүлэхээр байгаагаас 2026 оны төсвийн жилд 3.9 их наяд төгрөг зарцуулахаар байгааг Засгийн газар мэдээлсэн юм. Үүний 1.5 орчим их наяд төгрөгийг хувийн хэвшил санхүүжүүлэх бол 347 тэрбум төгрөг нь улсын төсвөөс санхүүжихээр төлөвлөж буйг тодотголоо.