
Зургийг: С.Батсайхан
Зочид буудал, байр, сууцаар үйлчлэх үйлчилгээний салбарын үнийн индекс наймдугаар сард жилийн дүнгээр 18.3 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Энэ дундаа богино хугацаагаар байр, сууцаар хангах үйл ажиллагааны дэд салбарын үнэ 18.4 хувиар, бусад төрлийн байр сууцаар хангах үйл ажиллагааны дэд салбарын үнэ 15.5 хувиар тус тус өсжээ.
Улсын хэмжээнд нийт 1800 орчим зочид буудал үйл ажиллагаа явуулж байгаагаас 67 нь зэрэглэл өндөртэй зочид буудал байгааг Монголын зочид буудлуудын холбооноос мэдээлсэн байна.
Үүнээс гадна “Tripadvisor” сайтад 2024 оны эцсийн байдлаар Монголын 615 зочид буудал бүртгэлтэй байгааг харж болохоор байгаа юм. Зуны улиралд буюу VII-IX сард зочид буудлын үйлчилгээний орлого нэмэгдэж, орны дүүргэлт хангагддаг бөгөөд оны турш төвлөрөх орлогын гол хэсэг нь энэ үед төвлөрдөг аж.
Оны эхний хагас жилд зочид буудал, байр сууцаар хангах салбарын орлого 147.4 тэрбум төгрөг хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 20 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт болж байна. Харин 2023 он буюу хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад 40 орчим тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Нэг талдаа жуулчдын тоо нэмэгдэж байгаагаас гадна зочид буудлын үнэ нэмэгдэж буй нь өсөлт эрчимжихэд нөлөөлсөн байна. Тухайлбал: 2025 оны II улиралд гадаадаас ирсэн жуулчны тоо жилийн өмнөхтэй харьцуулахад 33.6 хувиар өсөж, 328 мянга хүрээд байгаа юм.