
Зургийг: Э.Тэнгис
2026 онд удирдах албан тушаалтны орон тоог бууруулж, Төрийн албан хаагчдын шаардлагагүй орон тоог нэмэхгүй байх, 2025 оны түвшинд барихаар төлөвлөж буйг төсвийн төсөлд тусгасан байна.
Төрийн албан хаагчдын тоо сүүлийн 10 жилд 39.3 хувиар, тэр дундаа 2019 оноос хойш 14 хувиар өсөж, 2024 онд 226 мянга давжээ. Үүнийг дагаад Төрийн жинхэнэ албан хаагчдын тоо төдийлөн нэмэгдээгүй ч Үндэсний хороо, зөвлөл, комисс зэрэг төсвөөс санхүүждэг, чиг үүрэг давхардсан байгууллагуудын тоо өссөнийг Эдийн засаг, хөгжлийн сайд тодотгож байсан юм.
Иймд Төрийн албыг цомхон бүтээмжтэй байхад анхаарч, Монгол Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд Төрийн албан хаагчдын тоог багш, эмч нараас бусдаар есөн хувиар бууруулах зорилт тавьсан бөгөөд үүнийг 2025 оны төсвийн тодотголоос хэрэгжүүлж эхэлсэн. Албан хаагчдын тоог есөн хувиар бууруулахад нийт 14 мянга 400 орон тоо цөөлөх тооцоо гарчээ. Үүний 6000 орчим нь сул орон тоо байгааг мэдээлсэн юм.
Энэхүү цомхотгол нь зарим салбарт хүндрэл дагуулж буйг албаныхан мэдээлж байна. Тухайлбал: Засгийн газрын баталсан тогтоолтой холбоотойгоор дотоодын цэрэг, цагдаагийн байгууллагад шинээр 843 орон тоо шаардлагатай. Орон тоо нэмэгдэхгүй тохиолдолд төлөвлөгөөт ажил хэрэгжих боломжгүйг тодотгосон.
Мөн прокурорын байгууллага улсын хэмжээнд 709 прокурор, нийт 1500 орчим орон тоотой үйл ажиллагаа явуулдаг. Есөн хувийн цомхотголоор 132 орон тоо хасагдсанаар нэг хүнд ногдох ачаалал эрс нэмэгдсэнийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд танилцуулж байсан юм.