
Зургийг: mongolia.gov.mn
Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай дэд бүтцийн томоохон төслүүд болон хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгааг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо. Мөн ирээдүйд Ази, Европыг холбосон худалдаа, аялал жуулчлал, тээвэр логистикийн зангилаа бүхий транзит улс болох зорилготойг тодотгосон байна.
Уулзалтын үеэр ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх шатахууны нийлүүлэлтийг эрс нэмэгдүүлэхээр тохиролцсоныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам мэдээллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах үедээ хориг арга хэмжээнүүдийн улмаас үүссэн төлбөрийн хүндрэлүүдийг шийдвэрлэхийн тулд ОХУ-ын банкны салбарыг Монголд нээхийг зөвшөөрөхөд бэлэн буйгаа илэрхийлсэн талаар “TASS” агентлаг мэдээлэв.
Тэрээр "Хоёр улс хоорондын төлбөр тооцоо, худалдааны асуудал нь чухал сэдэв хэвээр байна. Өнөөдөр хоёр улсын Сангийн сайд нар эдгээр асуудлыг шийдвэрлэх чиглэлд бараг тохиролцоонд хүрсэн. ОХУ-ын банк Монголд салбараа нээхэд шаардлагатай бүх зөвшөөрлийг олгоход бэлэн. Үүгээр дамжуулан бүх төлбөр тооцоогоо хийх боломжтой" хэмээжээ. Орос, Монголын худалдааны эргэлт энэ оны эхний найман сард 7.8 хувиар өссөн нь өнөөгийн нөхцөлд сайн үзүүлэлт гэдгийг В.Путин онцолсон байна.
Үүнээс гадна Ерөнхий сайд Г.Занданшатар БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Циантай уулзахдаа "БНХАУ, Монгол Улсын худалдааны хэмжээг цаашид нэмэгдүүлж, ногоон эрчим хүч, дижитал эдийн засаг зэрэг хөгжиж буй салбаруудад хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн талаар “Xinhua” агентлаг мэдээллээ.
Түүнчлэн ашигт малтмал, эрчим хүчний нөөц, дэд бүтэц зэрэг уламжлалт салбарууд дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байгаа гэдгийг дурджээ.
Монголын талаас нүүрсний экспортыг 100 сая тоннд хүргэх санал тавьсан. Мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хорио цээрийн протоколын тоог нэмэгдүүлэх зэрэг замаар хоёр улсын худалдааг 20 тэрбум ам.долларт хүргэх санал дэвшүүлснийг Засгийн газар мэдээлсэн.