
Зургийг: С.Батсайхан
Банк бус санхүүгийн байгууллагуудаас зээл авсан харилцагчдын хувь хэмжээ III улиралд эрс нэмэгдсэн байна. Оны эхээр банкнуудын зээлийн шалгуур чангарснаар иргэд Банк бус санхүүгийн байгууллагуудад хандах нь нэмэгдсэн бөгөөд Банк бус санхүүгийн байгууллагын зээлдэгч нарын харилцагчдын тоонд эзлэх хувь 75 хувьд хүрч, бараг хоёр дахин өссөн байна. Инфляц тогтмол өсөж, зардал нэмэгдэж буй нь зах зээлд зээлийн эрэлтийг тогтвортой түвшинд барьж байгаа юм.
Банк бус санхүүгийн байгууллагын салбар 2024 оны эцэст давхардсан тоогоор 5.4 сая харилцагчтай байсан бол энэ оны III улирлын байдлаар 1.7 саяар буурч, 3.7 сая болжээ.
Банк бус санхүүгийн байгууллагуудаар үйлчлүүлдэг иргэдийн тоо буурсан бол харилцагч аж ахуйн нэгжийн тоо хоёр дахин нэмэгдсэн байна.
Харин тайлант хугацаанд зээлдэгчдийн тоо эрс нэмэгдэж, шинээр 800 мянган зээлдэгч бүртгэгдсэнийг Санхүүгийн зохицуулах хорооны тайлангаас харж болохоор байгаа юм. Үүний нөлөөлөл санхүүгийн тайланд илэрхий харагдаж байна.
III улирлын эцэст салбарын нийт олгосон зээлийн хэмжээ 34 хувиар өссөн нь банкны салбарын өсөлтөөс 10 гаруй нэгж хувиар өндөр байгаа юм. Нийт зээлийн дүн долоон их наяд төгрөг хүрч, сүүлийн таван жилийн хугацаанд дөрөв дахин нэмэгдээд байна.
Харин чанаргүй зээлийн хэмжээ 6.2 хувиас 8.9 хувьд хүрч 2021 оноос хойших дээд түвшинд хүрчээ. Энэ нь хурдтай нэмэгдсэн зээлдэгч нарын төлбөрийн чадвар муудаж, айл, өрхүүдийн санхүүгийн дарамт нэмэгдэж буйг харуулж байна.