logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Ц.Бадмаараг
    АНУ-ын хоригийн ачаар БНХАУ-ын хиймэл оюуны гоц авьяастан $23 тэрбумын хөрөнгөтэй болжээ
    Чэнь Тяньши энэ он гарсаар хөрөнгөө хоёр дахин өсгөж, 22.5 тэрбум ам.доллар хүргээд байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 11 сарын 19 16:45
    1183

    Зургийг: Sun Zifa/China News Service/Visual China Group/Getty Images/Bloomberg

    Хиймэл оюуны хурдасгуур чип үйлдвэрлэгч, загварчлагч “Cambricon Technologies” компанийн хувьцааны ханш сүүлийн 24 сард 765 гаруй хувиар цойлов

    (Bloomberg) -- 2019 он. Чэнь Тяньшигийн хувьд дэлхийд толгой цохих чинээлэг эрхмүүдийн нэг болно гэдэг дэндүү холын мөрөөдөл байлаа.

    Тухайн үед түүний хиймэл оюуны чипийн стартап байгуулагдаад ердөө гурван жил өнгөрч байсан бөгөөд хамгийн том үйлчлүүлэгч нь БНХАУ-ын харилцаа холбооны аварга “Huawei Technologies” байв. Гэтэл “Huawei” дотооддоо хагас дамжуулагч хөгжүүлэх бодлогоо эрчимжүүлэхээр шийдэж, түүний компанитай хийдэг бараг бүх бизнесээ гэнэт зогсоов. Үүнээс өмнө “Huawei Technologies” тус компанийн нийт орлогын 95 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг байсан юм. 

    Гэсэн ч тэрбээр төсөөлөлд багтамгүй зүйлээс амжилтын том боломж олж харжээ. АНУ-ын хоригоос болж сүүлийн үеийн дэвшилтэт чип ашиглах боломжгүй болсон тул БНХАУ  дотооддоо чипийн технологи хөгжүүлэхээр шулуудав. Ийнхүү компьютерын гоц авьяастан Чэнь Тяньшигийн компани Төрийн ивээлд багтаж, өрсөлдөөн багатай асар зах зээлийн үүдийг нээсэн тул тэрбээр өөрийн хүчээр тэрбумтан болсон хамгийн чинээлэг эрхмүүдийн эгнээнд нэгдэж чаджээ.

    Бээжинд төвтэй, хиймэл оюуны хурдасгуур чип үйлдвэрлэгч, загварчлагч “Cambricon Technologies” компанийн хувьцааны ханш сүүлийн 24 сард 765 гаруй хувиар цойлсон юм. Чэнь Тяньши компанийнхаа 28 хувийг эзэмшдэг тул хөрөнгөө оны эхнээс хойш хоёр дахин өсгөж, 22.5 тэрбум ам.доллар хүргэснийг “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индекс харуулж байна.

    БНХАУ ердөө хэдхэн жилийн өмнө хувийн хэвшлийн технологийн томоохон компаниудаа аль болох хавчих бодлого баримталж байв. Хэдий тийм боловч “Cambricon"-ийн цахилсан өсөлт БНХАУ дотоодын хиймэл оюуны салбараа дорвитой дэмжиж чадвал хэрхэн технологийн салбарын элитүүдийг төрүүлж болохыг тодхон харууллаа. АНУ дэвшилтэт технологийн экспортдоо хориг тавимагц Чэнь Тяньшигийн “Cambricon" шиг компаниудын үнэ цэн эрс өссөн. Төрийн бодлогоор хамгаалагдаж, хөрөнгө оруулагчдын дэмжлэгийг хүлээсэн тус компани чөлөөт зах зээлээс илүү улс төрийн дэмжлэг амжилтыг нь шийддэг шинэ тогтолцооны бэлгэ тэмдэг болжээ. 

    Гэхдээ “Cambricon”-ийн үсрэнгүй өсөлтөд чипийнх нь өрсөлдөх чадвараас илүүтэй Засгийн газрын протекционист бодлогын дэмжлэг хэр их нөлөөлөв гэдэг асуулт ажиглагчдын байр суурийг хувааж, өсөлт нь хэр удаан үргэлжлэх талд маргаан дагуулж байна. 

    “Cambricon-ийн орлого эрчтэй өссөн нь тус компанийн эхлэлийн цэг маш доогуур байсантай холбоотой. Бодлогын дэмжлэгийг эс тооцвол компанийн одоогийн үнэлгээ хөөсөрсөн байж болзошгүй” гэж Бээжинд төвтэй хөрөнгө оруулалтын банк “Chanson & Co”-ийн захирал Шэнь Мэн онцолсон байна.

    unnamed (1).webp

    “Nvidia”-ийн үүсгэн байгуулагч Женсен Хуантай эн зэрэгцэх хөрөнгөтэй болоход Чэнь Тяньшид зай ч байна, лай ч байна. Гэхдээ л “Bloomberg”-ийн индексээс харвал тэрбээр 40-өөс доош насны тэрбумтнуудын дунд хэдийн гуравдугаарт бичигдэх болжээ.

    Өнгөрсөн наймдугаар сард “Cambricon"-ийн хувьцааны ханш, түүнийг дагаад Чэнь Тяньшигийн хөрөнгө өндөр дүнгээр өсөж байлаа. Тухайн үед Бээжин дотоодын компаниудад ялангуяа Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой төслүүдэд “Nvidia”-ийн H20 процессорыг ашиглахгүй байх чиглэл өгсөн юм. 

    Хувьцааг нь тойрсон хөрөнгө оруулагчдын халуурлыг намжаахын тулд “Cambricon”-ийн удирдлагууд бүр Шанхайн хөрөнгийн биржээр дамжуулж анхааруулга гаргахад хүрч байв. АНУ-ын хориг арга хэмжээний дарамт компанид нөлөөлсөн хэвээр, технологийн ахиц дэвшлийг хангахад амаргүй байгаагаа тэд тайлбарлаж байжээ. Мөн зарим худал мэдээллийг үгүйсгэж, тэдний хөгжүүлж буй гэх зарим бүтээгдэхүүн анхнаасаа огт байгаагүйг мэдэгджээ.

    Тэр үед гарсан хувьцааны шинжилгээ, тайлангуудад “Cambricon”-ийн удахгүй танилцуулах “Siyuan 690” чипийг онцолж байв. Гэхдээ тус загвар “Nvidia”-ийн ижил төрлийн чипээс хамгийн багадаа хэдэн жилийн хоцрогдолтой гэж үзэж байв.

    “Cambricon эсвэл Huawei-ийн аль аль нь БНХАУ-ын “Nvidia” болж чадна гэж хэлэхэд одоохондоо эрт байна. Учир нь “Nvidia”-ийн бүтэн технологи, ялангуяа CUDA эко системийг богино хугацаанд хуулбарлаж гаргах нь туйлын бэрх” гэж АНУ-ын Вашингтон хотод байрлах “Jamestown Foundation” судалгааны байгууллагын шинжээч Санни Чунг тодотгожээ.

    “Cambricon”-ийн үнэлгээтэй холбоотой эргэлзээ оршсоор байгаа ч Чэнь Тяньшигийн амжилтад хүрсэн замнал нь БНХАУ-ын Төрийн дэмжлэгтэй тогтолцооны тод жишээ болох юм. Чухам энэхүү тогтолцоо нь мөн адил хиймэл оюуны стартап “DeepSeek”-ийн төсөөлөөгүй амжилт болон үүсгэн байгуулагч Лян Вэньфэний мандан бадралд түлхэц болжээ. 

    1985 онд зүүн өмнөд нутгийн Наньчан хотод цахилгааны инженер аав, багш мэргэжилтэй ээжийн хүү болж төрсөн Чэнь Тяньшигийн авьяас чадвар багаасаа танигджээ. Тэрбээр өөрийн ах Чэнь Юньжигийн хамт Хэфэй хотын нэр хүндтэй БНХАУ-ын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн гоц авьяастнуудын хөтөлбөрт төвөггүй элсэн орсон бөгөөд 2010 онд компьютерын  Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байна.  

    Түүний дараа Чэнь Тяньши улсынхаа шинжлэх ухааны амбицын төв цэг болсон БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн тооцооллын хүрээлэнд ахтайгаа хамт судлаачийн ажилд оржээ. 

    Тэрхүү байгууллага ах дүү хоёрын нэрийг цуурайтуулсан жинхэнэ гарааны цэг байлаа. Анх 2014 онд “DianNao” хурдасгуурын талаар олон улсын эрдэм шинжилгээний хүрээлэлд өндөр үнэлгээ авсан өгүүллүүдээ нийтэлснээр олны анхаарлын төвд оров. Түүнээс ердөө нэг жилийн дараа тэд гүн сургалтын зориулалттай, тархины үйл ажиллагаанаас санаа авсан анхны процессороо танилцуулжээ. Тус чипийг Кембрийн тэсрэлт буюу “Cambricon” хэмээн нэрлэсэн нь хиймэл оюуны хувьслын эхлэл цэгийг бэлгэдсэн аж.

    2016 онд тэд “Cambricon” төслөө бие даасан байгууллага болгон салгаж, компани хэлбэрээр үүсгэн байгуулсан бөгөөд БНХАУ-ын Шинжлэх ухааны академи анхны санхүүжүүлэгчдийнх нь нэг болжээ.

    “Cambricon” 2017 онд анхны томоохон амжилтаа олсон. “Huawei” компанийн “Mate 10” ухаалаг гар утасны камер болон тоглоомын хүчин чадлыг сайжруулахын тулд тус компанийн хиймэл оюуны процессорын технологийг ашигласан нь тэр байлаа. "Huawei" 2019 оноос ижил төрлийн технологийг өөрсдөө хөгжүүлж эхэлснээр дээрх хамтын ажиллагаа өндөрлөсөн байна. Түүнээс хойш “Cambricon” стратегийн чиглэлээ өөрчилж, үүлэн тооцооллын серверүүд болон өндөр технологийн төхөөрөмжүүдэд зориулсан хиймэл оюуны чипийн загварчлал, худалдааг үйл ажиллагааныхаа цөм болгожээ. 

    Тус компани 2020 онд Шанхайн Шинжлэх ухаан, технологийн инновацын зөвлөлд бүртгэгдсэн ч IPO хийснээсээ хойш удаан хугацаанд алдагдалтай ажилласан байна. Харин 2024 оны IV улирлаас анх удаа ашигтай ажиллаж эхэлжээ.

    2022 онд компанид анхны томоохон сорилт тулгарсан байна. АНУ-ын Худалдааны яамнаас “Cambricon”-ийг “БНХАУ-ын цэргийн технологийн шинэчлэлийг дэмжих зорилгоор АНУ-аас үүсэлтэй бүтээгдэхүүн ашиглахыг оролдсон” гэсэн үндэслэлээр хориг арга хэмжээний жагсаалтдаа оруулжээ. Үүний улмаас тус компанийн барууны өндөр түвшний технологийг ашиглах боломж эрс хязгаарлагдсан байна.

    Гэсэн ч  АНУ-ын хориг арга хэмжээ “Cambricon”-ийн ирээдүйд төдийлөн саад болсонгүй. АНУ “Nvidia”, “AMD” зэрэг компанийг БНХАУ-д өндөр хүчин чадалтай AI чип худалдахыг нь хориглосноор нийлүүлэлтийн нэлээн том хоосон зай үүсэв. Үүнд Бээжин хүчтэй хариу барьж, дотоодын технологийн компаниудад зөвхөн дотоодоосоо худалдан авалт хийх чиглэл өгсөн аж. Ингэснээр БНХАУ-ын компаниуд чипийнхээ тодорхой хувийг заавал “Huawei”, “Cambricon” зэрэг үндэсний үйлдвэрлэгчдээсээ авах шаардлагатай болсон юм. 

    Үүний үр дүнд эрэлт нь эрс өсөж, “Cambricon”-ийн орлого сүүлийн 12 сарын хугацаанд 500 хувиар цойлжээ.

    Cэтгэгдэл бичих