
Зургийг: Andrew Harnik/Bloomberg
(Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Nvidia” компанид H200 хиймэл оюуны чипээ БНХАУ-д нийлүүлэх зөвшөөрөл олголоо. Ингэхдээ АНУ-ын Засгийн газарт БНХАУ-д нийлүүлсэн чипээс 25 хувийн төлбөр төлөхөөр тохиролцсон байна.
Дональд Трамп шийдвэрээ өөрийн “Truth Social” сүлжээгээрээ мэдээлжээ. БНХАУ руу H200 чип экспортлох зөвшөөрөл олгох эсэх талаар зөвлөхүүдтэйгээ хэдэн долоо хоногийн турш хэлэлцсэний эцэст ийм шийдвэр гаргаснаа тодотгосон байна.
Мөн тэрбээр H200 чипийг зөвхөн "батлагдсан харилцагчдад" нийлүүлэх бөгөөд “Intel”, “AMD” зэрэг чип үйлдвэрлэгчид ч мөн энэхүү тохиролцооны хүрээнд БНХАУ-д чип нийлүүлэх боломжтой гэж онцолжээ. Түүнчлэн "Бид үндэсний аюулгүй байдлаа хамгаалж, ажлын байр бий болгож, АНУ-ын хиймэл оюуны технологид тэргүүлэгч байр суурийг хадгалах болно" гэж Дональд Трамп дурдсан байна.
Харин “Nvidia”-ийн илүү дэвшилтэт хиймэл оюуны чипүүд болох “Blackwell” болон “Rubin”-ийг БНХАУ-д нийлүүлэх зөвшөөрөл олгоогүй аж.
“Nvidia” компани “Blackwell” загварын чипүүдээ БНХАУ-д худалдахыг зорьж буй тухай өмнө нь ойрын эх сурвалж мэдээлж байв.
“Nvidia”-ийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан өнгөрсөн долоо хоногт Вашингтон хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай экспортын хяналтын талаар уулзалт хийсэн бөгөөд Цагаан ордон болон тус компанийн зүгээс уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.
Тайваньд үйлдвэрлэгдсэн чипүүдийг АНУ-ын аюулгүй байдлын хяналт шалгалтын хүрээнд Худалдааны яамны үйлдвэр, аюулгүй байдлын товчоонд шалгуулахаар илгээнэ. Энэ үед АНУ-ын Засгийн газарт төлөх төлбөрийг 25 хувийн экспортын тариф хэлбэрээр ногдуулна гэж АНУ-ын Худалдааны яам мэдээлжээ. Үүний дараа чипүүдийг БНХАУ дахь худалдан авагчид руу илгээх аж.
“Intel”, “AMD” болон “Commerce”-ийн хэвлэлийн төлөөлөгчид Засгийн газрын энэхүү шийдвэртэй холбоотой ямар нэг тайлбар хийгээгүй байна.
Дээрх мэдээллийн дараа “Nvidia” болон “AMD”-ийн хувьцааны ханш тус бүр хоёр орчим хувиар өслөө.
Энэхүү шийдвэрээс ойрын хугацаанд ашиг хүртэх төлөвгүй байгаа “Intel”-ийн хувьцааны ханш мөн нэг орчим хувиар өсжээ.