logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Экпортын орлоготой нь харьцуулбал гадаад зээлд хамгийн өндөр хүү төлдөг "Топ 5" улсын нэг нь Монгол байна
    Jorgelina do Rosario
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 09 16:55
    309

    Зургийг: T.J. Kirkpatrick/Bloomberg

    Дэлхийн Банкны тооцоолсноор хөгжиж буй орнуудын гадаад өрийн хэмжээ 2024 онд түүхэн дээд буюу 8.9 их наяд ам.доллар болжээ

    (Bloomberg) -- Хөгжиж буй орнуудын гадаад өрийн эргэн төлөлт болон шинээр авах санхүүжилтийн зөрүү 2022-2024 оны хооронд 741 тэрбум ам.доллароор тэлж, хамгийн багадаа сүүлийн 50 жилийн дээд хэмжээндээ хүрснийг Дэлхийн Банк мэдээллээ.

    Тэдгээр оронд зээлийн дундаж хүү 2008-2009 оны санхүүгийн хямралын өмнөх түвшинд хүрч өсөөд байгаатай зэрэгцэн үндсэн төлбөр, хүүг багтаасан нийт төлөлтийн дүн нь огцом нэмэгдэж буйг Дэлхийн Банк өнгөрсөн долоо хоногт гаргасан Олон улсын өрийн судалгааны тайландаа онцолжээ. Тус банкны тооцоолсноор хөгжиж буй орнуудын гадаад өрийн нийт хэмжээ өнгөрсөн онд түүхэн дээд буюу 8.9 их наяд ам.доллар болсон байна.

    Зээлд төлөх дүн ийнхүү нэмэгдэж байгаа нь улс орнууд эрүүл мэнд, боловсролын салбартаа зарцуулах нөөцөө танахад хүргэж буйг Дэлхийн Банк анхааруулжээ. Тэр дундаа гадаад өр экспортын орлогынх нь 200-аас дээш хувийг эзэлж буй орнуудад хүн амын талаас дээш хувь нь урт хугацааны эрүүл амьдралд нэн шаардлагатай шим тэжээл бүхий өдөр тутмын хоол хүнс худалдан авахад бэрхшээлтэй тулгарч байна гэж үзжээ.

    debt.jpg

    Тэргүүлэгчдийн эгнээнд Монгол 

    2024 оны байдлаар гадаад өрийн хүүгийн төлөлтийн экспортын орлогод эзлэх харьцаа дэлхийд хамгийн өндөрт тооцогдох таван улсын тоонд Монгол Улс нь Мозамбик, Сенегал, Египет, Колумби улсын хамт бичигдэж байна. Тодруулбал: Монгол Улсын гадаад өр 38 тэрбум ам.доллар байгаа нь нийт экспортын орлогын 225 хувьтай, үндэсний нийт орлогын 182 хувьтай тэнцэж байна. Харин өрийн үйлчилгээний зардал экспортын орлогын 32 хувийг эзэлж буйг Дэлхийн Банкны судалгаа харууллаа.

    “Түр амсхийх орон зай гарсан энэ үеийг бодлого тодорхойлогчид гарамгай ашиглаж, гадаад өрийн зах зээл рүү яарахын оронд дотоодын төсөв санхүүгийн байдлаа засах хэрэгтэй” хэмээн Дэлхийн Банкны Ахлах эдийн засагч Индермит Гилл онцолжээ.

    Судалгааны тайланд дурдсанаар бага орлоготой улсуудын тэн хагас нь өрийн дистресст орох өндөр эрсдэлтэй, эсвэл хэдийн орсон байгаа аж.

    “Засгийн газрын өрийн бүтцийг цаг тухайд нь уялдаа зохицуулалттайгаар өөрчлөн шийдвэрлэх нь бодлогын тэргүүний арга хэмжээ байх ёстой” хэмээн тайланд анхааруулсан байна.

    Cэтгэгдэл бичих