
Зургийг: mongolia.gov.mn
Импортын гаалийн татвараас төвлөрөх хөрөнгө буурснаас 2.9 их наяд төгрөгийн татварын орлого дутаж буйг Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ. Мөн нүүрсний үнэ 50 хувиар буурсан нь орлого буурахад нөлөөлж буйг онцлоод уул уурхайн салбарын хэд хэдэн төрлийн татварын өр нэлээд хуримтлагдсан байгааг тодотгов. Тиймээс уул уурхайн салбарт үзүүлж буй хөнгөлөлт чөлөөлөлт, татвар бууруулдаг асуудлыг цаашид зогсоох, хязгаарлах санал боловсруулахаар байна.
Иргэд, аж ахуйн нэгжүүдэд дарамт өгөлгүйгээр өр барагдуулах ажлыг эрчимжүүлнэ. Шаардлагатай бол Татварын хуулийн хүрээнд албадлагын арга хэмжээг шат дараатайгаар авна гэж Сангийн сайд онцлов.
Үүнээс гадна Гашуунсухайт боомтын авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, оновчтой болгох замаар нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор хэд хэдэн шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.
Экспортыг нэмэгдүүлэх хүрээнд Гашуунсухайт боомтод автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах зорилгоор 66 га газрыг “Смарт Эко Транс” ХХК-д ашиглуулах эрх олгосон байдаг. Харин тус газраас зориулалтын дагуу ашиглаагүй 5.3 га талбайг Хилийн боомтын захиргаанд буцаан шилжүүлж, уг хэсгээр авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.
Энэ оны эхний хагас жилд нүүрсний экспорт буураад байсан ч Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх чиглэлд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд өнөөдрийн байдлаар Гашуунсухайт боомтоор хоногт дунджаар 1400 орчим авто тээврийн хэрэгсэл нэвтэрч, оны эхний 11 сарын гүйцэтгэлээр экспортолсон нүүрсний хэмжээ 41.2 сая тонн хүрээд байна.
Мөн “Оюу Толгой” ХХК-ийн тусгай зориулалтын авто зам нь өдрийн 10.0-14.00 цагийн хооронд зэсийн баяжмал тээвэрлэхэд ашиглагддаг бөгөөд бусад цагт ачаалалгүй байдгийг харгалзан уг замыг нүүрсний тээвэрлэлтийн зорилгоор ашиглахаар болсон байна. Ингэснээр тухайн авто замаар хоногт дунджаар нүүрс тээврийн 1500 гаруй автомашин нэвтрүүлэх боломж бүрдэнэ гэж үзжээ.