
Зургийг: Nelson Ching/Bloomberg
2026 онд гадаад валютын дотоодын зах зээлд эерэг хүлээлт давамгайлж байгаатай зэрэгцээд төгрөгийн ханш тогтвортой байх төлөвтэйг Монголбанк мэдээллээ.
Мөн нүүрсний экспортын орлогын түвшин тогтвортой байж, зэс болон алтны үнэ үргэлжлэн өсөх хүлээлт давамгайлж буйг онцолсон. Ирэх онд томоохон гадаад өр, бондын эргэн төлөлт байхгүйтэй зэрэгцээд урсгал дансны алдагдал 2025 онтой харьцуулахад 40 орчим хувиар буурах төлөвтэйг мэдээллээ.
Үүнээс гадна 2026 онд зэсийн үнэ тонн нь 10,000 ам.доллар, алтны үнэ унц нь 3700 ам.долларт байна гэж тооцоолсон. Харин 2025 оны эхний хагас жилд нүүрсний экспортын орлого 45 хувиар буурсанаар төгрөгийн ханш сулрах дарамт өндөр байсныг тодотгосон юм.
Оны эхний хагаст төгрөгийн ханш ам.долларын эсрэг 4.3 орчим хувиар суларсан бол оны хоёрдугаар хагаст гадаад валютын орох урсгал нэмэгдэж, төлбөрийн тэнцэл ашигтай гарсанаар эргэн чангарч, тогтворжсон хөдөлгөөнтэй буй.
12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар төгрөг ам.долларын эсрэг оны эхэн үеэс 3.8 орчим хувиар суларсан дүнтэй байна. Ингэснээр төгрөг ам.долларын албан ханш 3555 нэгжид мөрдөгдөж байна.