logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    ГЕГ: 2025 онд 4000 тонн самнасан ноолуурыг $330.6 саяар экспортолсон
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 12 10:20
    267

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    Монгол Улс 2025 онд зөвхөн самнасан ноолуур экспортолсноор орлогоо 74 сая ам.доллароор нэмэгдүүлэв

    Монгол Улс 2025 онд ямааны 4000 тонн самнасан ноолуур экспортолж, 330.6 сая ам.долларын орлого олсон нь нийт экспортын орлогын 2.1 хувийг бүрдүүлснийг Гаалийн ерөнхий газар тайлагналаа.

    2024 онд 4.7 мянган тонн угаасан ноолуурыг 256.7 сая ам.доллароор экспортолж байсантай харьцуулахад биет хэмжээний хувьд бага боловч үнийн дүн нь 28.7 хувиар нэмэгдсэнийг онцолж болохоор байна.

    Ноолуурын боловсруулалтын түвшнийг дотоодод нэг шат ахиулж, өнгөрсөн оноос зөвхөн самнаж боловсруулсан ноолуур экспортолж эхэлсэн юм. Улсын хэмжээнд ноолуур самнаж боловсруулах хүчин чадал 100 хувь суурилагдсан байна.

    "Угаах, самнахын зөрүүгээс багаар бодоход 500-700 тэрбум төгрөгийн нэмүү өртөг дотоодод үлдэх тооцоолол гарсан. Дэлхийн ноолуурын зах зээл 2.7 тэрбум ам.доллароор хэмжигдэж байхад Монгол Улс жилд дунджаар 400 сая ам.долларын хөдөө аж ахуйн түүхий эд бүтээгдэхүүн экспортолж байгаа нь хангалтгүй. Үүнийг нэмэгдүүлэх нь боловсруулах үйлдвэрийн хүчин чадлаас бүрэн шалтгаална" гэдгийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр онцолж байв.

    Монгол Улс жилд 10 мянга орчим тонн ноолуур бэлтгэдэг нь дэлхийн түүхий ноолуурын зах зээлийн 40 орчим хувийг хангах боломжтой. Хэдий тийм боловч түүхий ноолуурынхаа дунджаар 8.4 хувийг эцсийн бүтээгдэхүүн болгон экспортолж буйг Монголбанкны судалгаанд дурдаж байсан юм.

    Үүнээс гадна өнгөрсөн онд 58.3 мянган тонн малын мах дайвар бүтээгдэхүүн экспортолсон нь 2024 оноос 20 гаруй хувиар өссөн үзүүлэлт боллоо. Үнийн дүн ойролцоогоор 212.7 сая ам.доллар болсон нь өмнөх оноос 20.5 хувиар нэмэгджээ.

    Монгол Улсаас ОХУ, БНХАУ, Иран, Катар, Узбекистан зэрэг 20 орчим улс руу амьд мал, мах, дайвар бүтээгдэхүүн экспортолж байгаа юм.

    Евразийн Эдийн засгийн холбоотой байгуулсан чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд  бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд голлон анхаарч буй.

    Үүнээс гадна 2025 онд нийт 58.1 сая толгой мал тоолуулснаас 39.9 хувийг ямаа, 41.1 хувийг хонь эзэлж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.

    Cэтгэгдэл бичих