logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Батбуян
    Дэлхийн геополитик, эрчим хүчний зах зээлийг өөрчлөх хувьсгал Иран улсад гарахад ойртоод байна
    Kevin Whitelaw, Arsalan Shahla
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 12 10:45
    394

    Зургийг: MAHSA/AFP/Getty Images/Bloomberg

    Иранд үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаалын улмаас 500 гаруй хүн амиа алдлаа

    (Bloomberg) -- Даян дэлхийг дайрсан геополитикийн шуурга эрчээ улам авч, Исламын Бүгд Найрамдах Иран улс нуран унаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.

    90 сая хүн амтай тус улсад эрх баригчдын сүрдүүлэг, ширүүн хариу арга хэмжээг үл харгалзан олон зуун мянган хүн гудамжинд гарч, эсэргүүцлийн жагсаал цуглаан бараг бүх хотыг нь хамарчээ. Үймээн самуунд сүүлийн байдлаар 544 хүн амиа алдаж, 10 мянга гаруй иргэн баривчлагдаад байгааг АНУ-д төвтэй хүний эрхийн HRANA байгууллага мэдээлсэн.

    Иран улс нь OPEC-ийн Өргөтгөсөн бүлэгт газрын тос олборлолтын хэмжээгээр дөрөвдүгээрт бичигддэг. Тус улсын нийлүүлэлт тасалдах эрсдэлийн улмаас газрын тосны үнэ өнгөрсөн пүрэв, баасан гарагт тав гаруй хувиар өслөө.

    1979 оны Исламын хувьсгалын дараа тогтсон Техраны дэглэм ганхсан энэ үед дэлхийн удирдагчдын нүүдэл анхаарал татаж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, зэвсэгт хүчнээс мэдээлэл авч байгаагаа мэдэгдсэн юм. “Цэргийнхэн хянаж байгаа. Дорвитой сонголтуудыг бид судалж байна” хэмээн тэрбээр “Air Force One” онгоцондоо сэтгүүлчдэд ярьжээ.

    “Ираны дэглэм яг одоо маш хүнд нөхцөлд байна. Үүнд нөлөөлсөн гол зүйл нь эдийн засаг. Хяналтыг эргүүлэн гартаа авах орон зай нь багасаж, түүнд шаардагдах арга хэрэгсэл нь ч цөөрч байна” хэмээн АНУ-ын Тагнуулын төв агентлагийн Ойрх Дорнод хариуцсан Ахлах шинжээч асан Уилльям Ашер хэлж байна. 

    IRAN-PROTEST-GFX.png

    Үүнтэй зэрэгцэн Европын удирдагчид Дональд Трампын Гринландыг эзлэн авах санаархлыг сөрөхөөр хөдөлж эхэллээ.

    ХБНГУ Хойд мөсөн далайн бүсийг хамгаалах зорилготой NATO-ийн хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх санал гаргахаар төлөвлөснийг ойрын эх сурвалж мэдээлжээ. Мөн Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер Умардын бүс нутаг дахь цэрэг зэвсгийн бэлэн байдлаа сайжруулахыг холбоотнууддаа уриалж, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, ХБНГУ-ын Канцлер Фридрих Мерц нартай энэ асуудлаар саяхан холбогдсон байна.

    Дональд Трампын хувьд Данийн эзэмшилд байдаг Гринландыг үндэсний аюулгүй байдлын зорилгоор АНУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэх санааг эртнээс илэрхийлж ирсэн. Харин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсны дараа тэрбээр энэ зорилгоо улам бататгах болж, баасан гарагт Цагаан ордонд мэдээлэл өгөхдөө Гринландыг нэгтгэх “хатуу ба зөөлөн” хоёр арга байгаа гэсэн юм.

    Cэтгэгдэл бичих