
Зургийг: mongolia.gov.mn
Дорноговь аймгийн Замын-Үүд сумыг хотын статустай болгохоор төлөвлөж буйг Засгийн газар мэдээллээ. Бэлтгэл ажлыг ирэх зургаадугаар сарын нэгний дотор бүрэн хангаж дуусгах үүргийг сумын удирдлагуудад өгсөн байна.
Монгол Улсын ачаа эргэлтийн 70 гаруй хувь нь Замын-Үүд боомтоор дамжин өнгөрдөг. Жилээс жилд суурьшил нэмэгдэж, барилгажилт эрчимтэй өрнөж байгаатай холбоотойгоор худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлэх шаардлага үүссэн ч ажил удаашралтай байгааг Ерөнхий сайд тодотголоо.
2023 онд авто замын боомтын цогцолбор ашиглалтад орсноор нэвтрүүлэх хүчин чадал гурав дахин нэмэгджээ. Цогцолбор ашиглалтад орохоос өмнө өдөрт 6000-8000 зорчигч нэвтэрдэг байсан бол өдгөө 8000-12,000 зорчигч зорчдог болсон байна.
Замын-Үүд сум нь 25 мянга гаруй иргэнтэй, төсвөөс татаас авдаггүй. Өнгөрсөн онд аймгийнхаа төсөвт 18.7 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.
2004 оноос үйл ажиллагаа явуулж буй Замын-Үүд чөлөөт бүсэд 104 аж ахуйн нэгж бүртгэлтэй ч 15 нь л үйл ажиллагаа идэвхтэй явуулж байгаа аж. Чөлөөт бүсээр өдөрт дунджаар 400 гаруй хүн, 600 гаруй тээврийн хэрэгсэл зорчдог бөгөөд 2025 онд 3.6 сая ам.долларын борлуулалт хийжээ.
2011-2017 онд тус бүсэд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Дулааны станц, бохир ус цэвэршүүлэх байгууламж зэрэг дөрвөн багц бүтээн байгуулалт хийсэн ч туршилт, тохируулгыг хэн, хэзээ хийх нь тодорхойгүй байгаагаас ашиглаж чадалгүй есөн жилийн нүүрийг үзэж буйгчөлөөт бүсийн удирдлагууд танилцуулсан байна. Хэрэв суурилагдсан дэд бүтцээ ашиглавал зардал хэмнэх, иргэд, аж ахуйн нэгжүүд тохилог таатай орчинд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх аж.