
Зургийг: Kent Nishimura/Bloomberg
(Bloomberg) -- Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл АНУ-ын эдийн засгийн төлөв "илэрхий сайжирсан" гэдгийг онцлоод хөдөлмөрийн зах зээл тогтворжих шинж тэмдэг илэрч буйг онцолсон байна.
Мөн тэрбээр “Холбооны Нөөцийн банк өнгөрсөн намар гурван удаа бодлогын хүүг бууруулсан. Хамгийн сүүлийн мэдээллээс харахад эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд илүү их бодлогын дэмжлэг хэрэгтэй гэсэн дохио алга байна” гэж тодотгов. Түүний мэдэгдлийн дараа хөрөнгийн зах зээлд оролцогчдын дунд бодлогын хүүг ирэх зургаадугаар сараас өмнө өөрчлөхгүй гэсэн хүлээлт нэмэгдлээ.
Тэр үед Жером Пауэллийн бүрэн эрхийн хугацаа дуусаж, шинэ тэргүүн томилогдох ёстой. Энэ нь Ерөнхийлөгч Дональд Трампын бодлогын хүүг бууруулах кампанит ажлын дараагийн үе шатыг эхлүүлэх магадлалтай юм. Төв банкны дараагийн тэргүүн хэн байж болох талаар таамаглал дэвшүүлээд харвал энэ удаагийн хурлаар бодлогын хүүг 25 суурь нэгжээр бууруулах санал өгсөн хоёрхон албан тушаалтан байна. Тодруулбал: Дональд Трампын зөвлөхийн албан тушаалаасаа түр чөлөөлөгдөөд буй Стефен Миран болон Жером Пауэллийг орлох өндөр магадлалтай гэгдэж буй дөрвөн хүний нэг болох Кристофер Уоллер байгаа юм.
"Жером Пауэллийн бүрэн эрхийн хугацаанд бодлогын хүүг бууруулах цонх үндсэндээ хаагдсан. Төв банк хөдөлмөрийн зах зээл болон эдийн засгийн талаар өмнөхөөсөө илүү өөдрөг төсөөлөлтэй болсон байна” гэж “Wolfe Research”-ийн Ахлах эдийн засагч тодотгож байна.