
Зургийг: world-nuclear.org
Дэлхийн Цөмийн Эрчим Хүчний Холбооноос (World Nuclear Association) анхны “Дэлхийн цөмийн эрчим хүчний төлөв"-ийн тайланг нийтэллээ. Тайланд дэлхийн цөмийн эрчим хүчний хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар улс орнуудын Засгийн газраас дэвшүүлсэн зорилтуудад хийсэн нарийвчилсан дүн шинжилгээг багтаасан байна.
Засгийн газрууд өөрсдийн амлалтыг бодитой болгохын тулд яаралтай бөгөөд тууштай арга хэмжээ авсан тохиолдолд дэлхийн цөмийн эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэх зорилт 2050 он гэхэд биеллээ олох боломжтой хэвээр байгааг тайланд онцолжээ.
Улс орны Засгийн газруудын дэвшүүлсэн зорилтууд бүрэн хэрэгжвэл дэлхийн цөмийн эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 2050 он гэхэд 1446 гигаватт хүрнэ гэж тооцоолсон байна. Ингэснээр цөмийн эрчим хүчийг гурав дахин нэмэгдүүлэх тухай тунхаглалд заасан 1200 гигаваттын зорилтыг давах юм.
Энэхүү үнэлгээнд одоо ажиллаж буй цөмийн реакторуудын ашиглалтын хугацааг сунгах, баригдаж буй реакторуудыг ашиглалтад оруулах, төлөвлөгдсөн болон санал болгосон төслүүдийг хэрэгжүүлэх, мөн үндэсний хүчин чадлын зорилтуудыг багтаан тооцсон байна.
БНХАУ, БНФУ, БНЭУ, ОХУ болон АНУ зэрэг цөмийн эрчим хүчний туршлагатай таван улс 2050 он гэхэд нийт төлөвлөсөн хүчин чадлын бараг 1000 гигаваттыг дангаараа бүрдүүлэхээр байгааг тайланд дурджээ. Хэдий тийм боловч дээрх зорилтыг хэрэгжүүлэхийн тулд бодлогын тодорхой шинэчлэл, томоохон хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатайг анхааруулсан байна.
Үүнд реакторын зөвшөөрөл, лиценз олголтыг хурдасгах, эрчим хүчний зах зээлийн зохистой зохицуулалтыг бий болгох, нийлүүлэлтийн сүлжээ болон түлшний мөчлөгийн дэд бүтцэд хөрөнгө оруулах, мөн том оврын болон жижиг модуль реакторууд-ын хөгжлийг дэмжих урт хугацааны бодлого хэрэгтэйг онцолжээ.
Харин Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийн сүүлд гаргасан тайлангаас харвал цөмийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын хэмжээ дэлхий даяар жилд дунджаар 65 тэрбум ам.доллар хүрсэн байна. Энэ нь 10 жилийн өмнөх түвшнээс бараг хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Үүнд шинэ реактор барих, мөн ашиглалтын хугацаа нь дуусах дөхсөн цахилгаан станцуудын насыг сунгах хөрөнгө оруулалт багтаж буй. Нийт 40 гаруй улсад хэрэгжиж буй бодлогын дэмжлэг энэхүү өсөлтийг тодорхойлж байна.
Мөн 2030 он гэхэд цөмийн эрчим хүчний хөрөнгө оруулалт жилд 70 тэрбум ам.доллар хүрч, 2050 он гэхэд дэлхийн цөмийн суурилагдсан хүчин чадал одоогийнхоос 50 орчим хувиар өсөх төлөвтэй байгааг дурджээ.