
Зургийг: С.Батсайхан
Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдал улам хурдтай хайлсаар байгаа уулсын мөсөн голуудаас хамаарахыг НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP) санууллаа.
Монгол орны гадаргын агаарын хэмийн дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх суурь түвшнээс хэдийн цельсийн 2.3 хэмээр өссөн нь дэлхийн дунджаас 1.3 хэмээр өндөр үзүүлэлт болохыг Дэлхийн Банкны судалгаа харуулж байна. Үүнээс шалтгаалан Монгол Улсын цэнгэг усны нөөцийн 70 орчим хувийг бүрдүүлдэг мөсөн голуудын хэмжээ 1990-2016 оны хооронд 35 хувиар буурчээ.
Цаашид шатах түлш ашигласан хэвээр байх тохиолдолд 2100 он гэхэд дулаарал найман хэмд хүрэх эрсдэлтэй. Түүнчлэн мөсөн голууд төвлөрсөн хойд болон баруун бүсийн аймгуудаар агаарын хэм эрс нэмэгдэнэ гэж тооцоолжээ.
Монголын тэгш өндөрлөг дэх гүний усны нөөц жилд ойролцоогоор гурван мм-ээр багасаж буй нь мөсөн голын хэмжээ буурсантай тодорхой хэмжээнд холбоотойг онцолжээ.
Усны нөөц ийнхүү буурах нь Монгол Улсад стратегийн чухал эрсдэл дагуулж буйг НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс мэдээллээ. Усны хэрэглээний дийлэнхийг эзэлдэг хөдөө аж ахуй, ялангуяа усалгаатай тариалан болон мал аж ахуйд усны зарцуулалт улам нэмэгдэхээр байгаа бол нөгөө талд усны урсгалаас шууд хамааралтай усан цахилгаан станцуудын үйл ажиллагаа тогтворгүй болж буйд анхаарах ёстой гэж үзэж байна.