
Зургийг: Atta Kenare/AFP/Getty Images/Bloomberg
(Bloomberg) -- Ойрх Дорнодын зөрчил хурцадсанаар газрын тосны үнэ сүүлийн дөрвөн жил буюу Украины дайн эхэлснээс хойших нэг өдрийн хамгийн өндөр дүнгээр өслөө.
Брент төрлийн газрын тос Азийн арилжааны эхэн үед 13 хүртэлх хувиар өсөж, баррель нь 82 ам.доллар хүрсэн нь 2025 оны нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр түвшин болж байна.
Үүнээс гадна өнгөрсөн ням гарагт болсон уулзалтаар OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг ирэх дөрөвдүгээр сард газрын тосны олборлолтоо өдрийн дүнгээр 206 мянган баррелиар нэмэгдүүлэх шийдвэрээ хадгалахаар болоод байгаа юм.
Ойрх Дорнодын зөрчилдөөнөөс үүдэн Ормузын хоолой 25 өдрөөс дээш хоногоор хаагдвал бүс нутгийн газрын тос олборлогч орнууд гарцаа түр хугацаанд хаахаас өөр аргагүйд хүрнэ болно гэж “JPMorgan”-ийн шинжээчид онцолж байна.
OPEC-ийн гол олборлогчдын нэг Иран улсын хувьд өдөрт 3.3 сая баррель газрын тос олборлодог буюу дэлхийн нийт нийлүүлэлтийн гурван хувийг хангаж буй. Үүний дийлэнх нь буюу 90 орчим хувийг БНХАУ-д нийлүүлдэг. Хэдий тийм боловч үүнээс ч илүү Иранд давуу тал олгож буй зүйл нь эрчим хүчний нийлүүлэлтэд асар нөлөөтэй стратегийн байршил нь болоод байна.
Далайгаар тээвэрлэгддэг газрын тосны тээвэрлэлтийн нийт урсгалын тавны нэг нь дамждаг Ормузын хоолойгоор Саудын Араб болон Ирак зэрэг улсын нийлүүлэлт БНХАУ, БНЭУ болон Япон зэрэг Азийн зах зээл рүү чиглэдэг. Хэрэв Ормузын хоолойн тээвэр тасалдвал Азийн орнуудад томоохон сорилт болох төдийгүй түүхий эдийн үнэ баррель нь 100 ам.доллар давах төлөвтэйг “Wood Mackenzie”-ийн шинжээчид онцолж байна.