logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Казахстан улс шинэ Үндсэн хуулиа баталж, тогтолцооны нүсэр шинэчлэл эхлүүллээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 18 16:35
    887

    Зургийг: astanatimes.com

    Казахстан улсын Ерөнхийлөгчийг долоон жилийн бүрэн эрхтэйгээр зөвхөн нэг удаа сонгохоор хуульчилсан 2022 оны хуулийн өөрчлөлтийг шинэ Үндсэн хуульд дахин баталгаажуулж өгсөн байна

    Казахстан улс бүх ард түмний дунд явуулсан санал асуулгын үр дүнд тулгуурлан шинэ Үндсэн хуулиа баталлаа. Төв Азийн хамгийн том эдийн засагтай тус улсын хувьд Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнээс гарч тусгаар тогтносноос нь хойших улс төр, эрх мэдлийн тэнцвэрийн хамгийн том шинэчлэл нь энэ болж байна.

    Мягмар гарагт БНКУ-ын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев шинэ Үндсэн хуульд гарын үсэг зурж, мөн бүх нийтийн санал асуулга явуулсан гуравдугаар сарын 15-ны өдрийг улс даяар Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэхээр хуульчилсныг “The Astana Times” мэдээллээ.

    Санал асуулгад нийт 9.13 сая иргэн оролцож, ирц 73 хувьтай бүрдсэн байна. Саналаа өгсөн иргэдийн 87.15 хувь нь буюу 7.95 сая иргэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжсэн урьдчилсан дүн гарсныг тус улсын Сонгуулийн төв хорооноос даваа гарагт мэдээлжээ.

    Ирэх долоодугаар сарын нэгнээс хэрэгжиж эхлэх шинэ Үндсэн хуульд 1995 онд батлагдсан Үндсэн хуулийн заалтуудыг бараг бүхэлд нь өөрчилж, нийт 99 зүйлээс ердөө дөрвийг нь өөрчлөлтгүй үлдээжээ.

    Бүтцийн шинэчлэл

    Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд тусгаснаар Казахстаны хууль тогтоох байгууллага хоёр танхимт бүтцээс нэг танхимт систем рүү шилжиж, Дэд Ерөнхийлөгчийн албан тушаалыг сэргээж, засаглалын шинэ институцүүд бий болгохын сацуу Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дахин бататгаж байна.

    Одоогийн хоёр танхимтай Парламентыг орлох “Курултай” хэмээх хууль тогтоох дээд байгууллага 145 гишүүнээс бүрдэх бөгөөд гишүүдийг таван жил тутам 100 хувь пропорциональ системээр сонгодог байхаар заажээ. Парламентад хэн орохыг намын жагсаалт шийддэг болсноор нэр дэвшигчийг сонгогчдоос гадна нам нь давхар сорьж, үр дүнд нь Парламент илүү мэргэжлийн болно гэж Астанагаас үзэж буй. Гэсэн хэдий ч Ерөнхийлөгч олонх болсон намыг удирдаж, Засгийн газарт бүхэлд нь нөлөөгөө тогтооход хялбар болгоно гэж шүүмжлэх талууд байна.

    Казахстан улсын Ерөнхийлөгчийг долоон жилийн бүрэн эрхтэйгээр зөвхөн нэг удаа сонгохоор хуульчилсан 2022 оны хуулийн өөрчлөлтийг шинэ Үндсэн хуульд дахин баталгаажуулж өгсөн байна. Уг өөрчлөлтийг анх санаачилж, бүх нийтийн санал асуулгаар иргэдийн дэмжлэгийг авч байсан Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Төрийн тэргүүнийг нэг удаа долоон жилийн хугацаатай сонгосноор эрх мэдлийн ээлж халаа тогтмолжих замыг засна гэж онцолж байв.

    Гэхдээ сөрөг хүчний зарим улс төрчид шинэ Үндсэн хуулиар улс төрийн тогтолцоонд Ерөнхийлөгчийн эрх мэдэл улам хүчирхэгжинэ гэж болгоомжилж буй. Түүнчлэн Касым-Жомарт Токаев өөрчлөлтийг ашиглан бүрэн эрхээ шинээр эхлүүлэх гэж байна гэсэн хардлага зарим ажиглагчдаас гарч байв. Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхгүй гэдгээ Касым-Жомарт Токаев өмнө нь мэдэгдэж байсан юм.

    Шинэ Үндсэн хуулийн дагуу 1996 онд татан буулгаж байсан Дэд Ерөнхийлөгчийн алба тушаалыг сэргээж, хууль санаачлах үйл ажиллагааг эхлүүлэх эрх мэдэлтэй Халык Кенеси (Ардын зөвлөл) хэмээх 164 гишүүнээс бүрдсэн зөвлөх байгууллага мөн байгуулагдахаар болж байна. Дэд Ерөнхийлөгч болон бусад томоохон албан тушаалтнуудыг Ерөнхийлөгч сонгож, Парламентын олонхоор батлуулах аж.

    Өөрчлөлт, шинэчлэлтүүд нь Казахстан улс “иргэн төвтэй” засаглалын бүтэц рүү шилжих шилжилтийн нэг хэсэг болж, иргэний эрх болон институцийн орчин үежүүлэлтийг тэлнэ гэж тус улсын Засгийн газраас онцолж байгаа ч нөгөө талдаа тогтолцоонд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хүчтэй хэвээр үлдээж байна гэж “Jamestown Foundation” онцолжээ.

    Тус улсын Парламентын сонгууль энэ онд болж, “Курултай” бүрдэх бол дараагийн Ерөнхийлөгчийг сонгох сонгууль 2029 онд явагдах юм. Шинэ Үндсэн хуульд Казахстан улсыг “Казак ели” буюу “Казахуудын нутаг” гэж албан бусаар нэрлэх зэрэг бэлгэдлийн шинжтэй зарим том өөрчлөлтүүд багтжээ. Мөн орос хэлийг казах хэлтэй ижил түвшинд тогтоосон статусыг өөрчилж, албан ёсны хэлтэй “зэрэгцүүлэн” ашиглах хэл байдлаар тодорхойлсон байна.

    Cэтгэгдэл бичих