
Зургийг: Victor J. Blue/Bloomberg
(Bloomberg) -- Хонины ноосон спорт гутлаар нэг хэсэг хүчээ авч, оргил үедээ дөрвөн тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй болж байсан “Allbirds Inc.” компани татан буугдахаасаа хэдхэн өдрийн өмнө шинэ бизнес төлөвлөгөө зарласан нь хиймэл оюунт тооцооллын дэд бүтэц байв.
Хиймэл оюунтай холбоотой юуг ч сүр бадруулж хүлээн авдаг болоод буй хувьцааны зах зээл энэ боломжийг алдахгүй ашигласнаар “Allbirds”-ийн хувьцаа лхагва гарагийн арилжааг 582 хувийн өсөлттэй хаасан байна.
"NewBird AI" хэмээх шинэ нэрээр ребрэндинг хийхээр төлөвлөсөн “Allbirds” нь ид мандаж буй трендийг даган "төрөл арилжих" замаар зах зээлд амьд үлдэх боломж эрэлхийлсэн анхны компани биш. Сүүлийн жилүүдээс жишээ дурдвал криптовалютын халуурлын үеэр “Long Island Iced Tea” компани “Long Blockchain Corp.” нэртэй болж шинэчлэгдэж байсан юм.
Мөн өнгөрсөн хоёрдугаар сард “The Singing Machine Company” хэмээх караокены тоног төхөөрөмжийн жижиг компани “Algorhythm Holdings” нэртэй болж, ачаа тээврийн компаниудад зориулсан хиймэл оюунт платформ танилцуулснаар логистикийн салбарын хувьцаануудын ханш өндөр дүнгээр унахад хүргэж байв.
"Иймэрхүү өөрчлөлтүүд бол зах зээлд хөөсрөлт үүссэний дохио" хэмээн “Miller Tabak + Co.”-ийн зах зээлийн ахлах стратегич Мэтт Мэйли “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа онцолжээ.