
Зургийг: Google/Bloomberg
(Bloomberg) -- “Alphabet”-ийн охин компани “Google” Android үйлдлийн систем болон "Gemini" хиймэл оюуны функцүүдээр ажиллах өндөр хүчин чадалтай "Googlebook" зөөврийн компьютерын шинэ платформоо танилцууллаа. Тус компанийн техник хангамжийн гэрээт түншүүд болох “Dell”, “Lenovo” болон “HP” компани тус платформ дээр үйлдвэрлэсэн анхны загваруудаа ирэх саруудад гаргахаар болжээ.
Мягмар гарагт “Google” удахгүй зах зээлд гарах "Android 17" үйлдлийн системийн шинэчлэлүүдийн хамт тус бүтээгдэхүүнээ танилцуулсан нь зөөврийн компьютерын зах зээлд дорвитой нэвтэрч, “Gemini”-ийг үндсэн үйлдлийн системийнхээ салшгүй хэсэг болгох зорилтыг нь тодотгон харууллаа.
Шинэ зөөврийн компьютерүүд нь "Android"-оос гадна "Chromebook" компьютерт ашигладаг "ChromeOS" системийн онцлогуудыг нэгтгэсэн болохыг “Google” онцолж байна. 15 жилийн өмнө анх гарч байсан боломжийн үнэтэй "Chromebook" нь боловсролын салбарт болон энгийн хэрэгцээг чухалчилдаг хэрэглэгчдийн зах зээлд өндөр амжилт олсон юм.
Харин шинэ "Googlebook" нь "Chromebook"-ээс хамаагүй өндөр хүчин чадалтай, эд ангиуд нь илүү чанартай байх аж. Хэдийгээр загвар бүр нь үйлдвэрлэгчээсээ шалтгаалан өөр дизайнтай гарах ч компьютер асаалттай үед олон өнгөөр гэрэлтдэг “Glowbar” хэмээх оруулга нь бүх "Googlebook"-ийн нэрийн хуудас байхыг онцолжээ.